|

Ц.Элбэгдорж М.Энхсайханы талаар юу гэв

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал гурван өдөр үргэлжилж өчигдөр шийдвэрээ гаргасан юм. Шүүхээс М.Энхсайханыг Эрчим хүчний яаманд 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан юм. Тодруулбал, түүнийг 75 сая төгрөгийн үнэлгээтэй байсан жийп машиныг 135 сая төгрөгөөр буюу зах зээлийн ханшнаас өндөр үнээр худалдан авч, төрд мөнгөн хохирол учруулсан гэж үзлээ. Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6.1, 22.1, 22.2 заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд  ирүүлсэн.

Өчигдрийн шүүх хуралдаанаар М.Энхсайханы Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцсон. Хорих ялыг нээлттэй  хорин байгууллагад эдлүүлэхээр тогтсон байна. Харин 19.6 дугаар зүйлд заасан хорлон сүйтгэх  үйл ажиллагаа явуулсан гэсэн хэргийг прокурорт шилжүүллээ.

Энэ шийдвэрийн дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудаснаа "Ерөнхий сайд асан М.Энхсайхан өнөөдөр Монгол Улсын хөгжил, эрх чөлөө, тусгаар тогтнолыг баталгаажуулах, гэгээрсэн бодлого хэрэгжүүлсний төлөө шүүгдэж байна. Түүх түүний жинхэнэ шүүгч байх болно, улс төрөөр яллах дүгнэлт биш. Монголын төлөө ад үзэгдэх эр зориг бол Монголын аврал юм. Шүүгдэх эрсдэлийг хүртэл сөрж Монголын хөгжил дэвшил, бие даасан байдлыг бэхжүүлэхийн төлөө зүтгэх нь гавьяат үйлс. Улсын бодлогыг алдаа гэж үзвэл түүнийг шүүх шүүдэггүй, түүх шүүдэг юм” гэжээ. 

Тэгвэл шүүхээс 4 жил 6 сарын ял сонссон М.Энхсайхан өнгөрсөн түүхээс цухас хүргэе. 

Мэндсайханы Энхсайханы хувьд Гадаад яамнаас ажлын гараагаа эхлүүлж байв. Тэр нь 1978 он Үүнээс хойш газрын орлогч дарга, хүрээлэнгийн захирал, АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд гээд хашаагүй алба татаагүй хаалгагүй нэгэн. Хоёр жил Ерөнхий сайдын суудалд тухалсны дараа тэр "Премьер интернейшнл” гэх компанид захирал, Ардчилсан намын дарга, дахин УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. Улмаар 2006 - 2008 он хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар томилогдон ажиллаж байв. 2006 оны хоёрдугаар сарын 8-нд АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж, М.Энхсайхан, Ж.Наранцацралт агсан, М.Сономпил нарыг намаас хөөж байлаа. Тэрээр Ардчилсан намаас гарч Үндэсний Шинэ Намыг байгуулан 2007 он хүртэл анхны даргаар ажилласан. 2011 онд тус нам нэрээ Монгол Үндэсний Ардчилсан Нам болгон солиход даргаар нь сонгогдсон байдаг. 

Харин 2012 оны М.Энхсайхан өнгөрсөн 2012 онд МАХН-ын дарга Н.Энхбаяртай гар барилцан МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвсэл байгуулан УИХ-ын 2012 оны сонгуульд оролцсоноор намдаа дөрвөн суудал авч чадсан. УИХ-ын сонгуулийн дараа МАХН-МҮАН-ы "Шударга ёс" эвсэл Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахад Энхсайхан "Монголын төмөр зам" ТӨК-ийн захирлаар томилогдсон хэдий ч хэдхэн сар ажиллаад, УИХ-аар баталсан бодлогын хүрээнд ажиллаагүй гэсэн шалтгааны улмаас халагдсан. Тодруулбал, тухайн үед Төрийн өмчийн хорооноос гаргасан албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалд "Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх талаар Шинэчлэлийн Засгийн газраас тавьсан зорилт, Зам тээврийн яамнаас хэрэгжүүлж буй бодлоготой зөрчилдсөн байр суурьтай байгаа тул М.Энхсайхантай цаашид хамтран ажиллах боломжгүй хэмээн дурьдсан байх юм.

Тэрээр тухайн үед Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын саналын эсрэг өөр үг амнаасаа гаргасныхаа төлөө ажлаасаа чөлөөлөгдөхдөө "Би Х.Баттулга сайдын нэг зүйлд харуусаад байна. Огт хүний үг сонсдоггүй. Өөрийнхөө зөв гэсэн зүгт чигээрээ зүтгэдэг. Гэтэл хүн бусдыг сонсч, өөрийгөө өөрчлөх чадвартай байх хэрэгтэй шүү дээ. Би ч буруу ярьж болно. Би асуудлыг ярихдаа олон хүнтэй зөвлөдөг. Ингэж үргэлж зөвлөлдөж байж хамтын оюун ухаан гарна. Бусдыг сонсдоггүй муу чанар Х.Баттулга сайдад байна. Тэр чанараа өөрчлөөсэй. Тэгэхгүй бол Монголд гай болно” хэмээж байв. Үүний дараа тэрээр Тавантолгой цахилгаан станцын төслийн нэгжийн захирлаар ажиллаж байгаад 2014 оны 12 сард Сайханбилэгийн засгийн газарт Монгол Улсын Сайд хэмээх албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2016 оны дараа ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. Тухайн үед Тавантолгойн нүүрсний уурхай, цахилгаан станц, Оюутолгойн зэсийн уурхай зэрэг том төслүүдийг хариуцаж ажиллаж байв. 

О.Онон

Эх сурвалж: Olloo.mn