|

“Төвийн бүсийн шилдэг сум”-аар Хонгор сум шалгарав

​Монгол Улсын хууль тогтоомж хөгжлийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, эдийн засаг нийгмийн үзүүлэлтийн шалгуурыг хангасан, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт зэргийг үндэслэн шилдэг сум шалгаруулдаг уламжлалтай. Бүсчлэн олгодог тус шагналын төвийн бүсийн шилдэг сумаар Дархан-Уул аймгийн Хонгор сум шалгарч бямба гарагт шагнал гардуулах үйл ажиллагаа болов. Хонгор суманд болсон тус үйл ажиллагаанд ​УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, аймгийн Засаг дарга С.Насанбат нар хүндэтгэлтэйгээр оролцож батламжийг гардуулан баяр хүргэв. Хонгор сум нь БНМАУ-ын Ардын Их Хурлын 1965 оны 85 дугаар зарлигаар Сэлэнгэ аймгийн Хонгор сум Дархан САА нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад БНМАУ-ын АИХТ-ийн 1982 оны 105 дугаар зарлигаар Дархан хотын Хонгор хороо, УИХ-ын 1994 оны 32 дугаар тогтоолоор Дархан хотын Салхит хороо, Хонгор хороог нэгтгэн Дархан-Уул аймгийн Хонгор сум болсон түүхтэй. Газар тариалангийн салбарт 10.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж сумынхаа хэрэгцээг 100 хувь ханган, төвийн бүсийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. 
Тэд өнгөрсөн хугацаанд ХАА, Газар тариалангийн салбараас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар-5, Монгол улсын Гавьяат ажилтан-3, Улсын аварга тариаланч-33, Улсын аварга малчин-8, Алтан төлийн эзэн-6, Аймгийн аварга малчин-14, Сумын аварга малчин-48 иргэн тус тус төрөн гарчээ. 2016-2020 онд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төлөө хамтдаа аяныг аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран 108 төсөл хөтөлбөрийг 5,8 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулсан байна. Дунд шатандаа аймагтаа Анхан шатанд сумандаа нэг баг болж бие биенээ дэмжин ажилласнаар ийнхүү Хонгорчууд аймгийн шилдэг сумаар дөрвөн удаа, Төвийн бүсийн шилдэг сумаар гурван удаа, Монгол Улсын Засгийн газрын шагналт сумаар нэг удаа шалгарчээ.
 
Л.Отгонбаатар