|

[ТОЙРОГ 76] Дархан-Уул аймгийн ДАГАСАН, СӨРСӨН гурав

Дархан-Уул аймаг нам гэхээсээ хүн харж сонголтоо хийдэг онцлогтой. МАН, АН-ын нэр дэвшигчдээс гадна бие даагч сонгож байснаас нь ч харсан шүү дээ. Тус аймаг 1992 оноос хойшх эхний сонгуулиудад МАН, АН-ыг алаглуулан сонголтоо хийж байснаа сүүлийн хоёр, гурван сонгуулиар МАН-ыг бараадах маягтай байгаа. Тодруулбал, 1992 оны сонгуулиар өнөөгийн МАН тухайн үеийн МАХН-аас нэр дэвшсэн Н.Жанцанноров, Ч.Баянжаргал, Ж.Жадамбаа нарыг парламентад илгээж байж. Харин 1996 оны сонгуулиар АН-аас нэр дэвшсэн Т.Эрдэнэбилэг, М.Чимэдцэрэн, Ш.Батбаяр нар ялалт байгуулжээ. Тэгвэл 2000 оны сонгуулиар эргээд МАН-д итгэл хүлээлгэв. Тухайн сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Б.Баттулга, Д.Цэвээнжав, Л.Даваацэдэв нар УИХ-д суусан юм. Сонирхолтой нь, 2004 онд АН-аас нэр дэвшсэн Л.Гансүх, М.Сономпил, Ж.Мөнхтөр нар ялалт байгуулсан байх юм. 2008 онд МАН-аас нэр дэвшсэн Д.Хаянхярваа, Ж.Сүхбаатар, АН-аас нэр дэвшсэн Л.Гансүх нар парламентад сонгогдсон бол 2012 оны сонгуулиар Д.Хаянхярваа болон бие даагч С.Ганбаатар нар энэ аймгаас УИХ-д сонгогдож байлаа. 2016 оны сонгуулийн дүнгээр Дархан-Уул аймгийг парламентад МАН-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Баттөмөр, Б.Жавхлан нар төлөөлж байгаа билээ.

Дөчингуравдугаар тойрог: Б.Баттөмөр

Б.Баттөмөр гишүүнийг Гаалийн газрын дарга, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж явсан гэхээс илүү "Тэс петролиум”-ын эзэн гэдгээр нь хүмүүс илүү мэддэг. 2016 оны сонгуулийн өмнө "Тэс петролиум” шатахууны үнээ буулгаж хүмүүсийн талархлыг хүртээд сонгуулийн дараа буцаагаад хөөргөдсөн гэдэг хэл ам ч хэвлэлээр гарч байлаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хувьд төрийн албаны арвин туршлагын зэрэгцээ бизнесийн салбарт чамгүй амжилт олсон байдаг. Гэхдээ анзаараад байхад тэрбээр бизнесийн талбараас УИХ-д орсон бусад гишүүдээс арай өөр үзэл бодолтой. Бизнесээс улс төрд орж ирсэн гишүүдийн олонх нь төр аливаа хэлбэрээр зах зээлийг зохицуулах, бизнесийн үйл ажиллагаа явуулах зэрэгт таатай ханддаггүй. Харин Б.Баттөмөрийн хувьд УИХ-д тухалсан цагаасаа хойш бизнест төрийн зохицуулалт, оролцоо байх ёстой талаар удаа дараа байр сууриа илэрхийлж байжээ. Хэвлэлд өгсөн ярилцлагуудыг харж байхад "Байгалийн баялгаас ахмадууддаа хүртээж, тэтгэврийн зээлийг нь нэг удаа тэглэхэд буруу юм байхгүй”, "Зохицуулалтгүй зах зээл хөгждөггүй”, "Хамгийн том дөрвөн банк гурван хүний эзэмшилд байна” гэх мэтээр ярьсан байх аж. Мөнхүү УИХ-д анх удаа сонгогдсон гишүүн гэхэд хууль тогтоох асуудал дээр чамлахааргүй ажиллажээ. Энэ нь Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төслөөс эхлээд эдийн засгийн шинж чанартай хуулиудыг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар ажилласнаар нь нотлогдоно.

Тэр бол УИХ-д сонгогдсон нь өөрөө сонирхол татахуйц хүмүүсийн нэг. 2016 оны сонгуулийн өмнө нөхцөл байдал ямар байсныг эргээд санацгаая. Тухайн үеийн улс төрийн тайзан дээр АН-ынхан тоглож байлаа. Өнөөгийн МАН-ынхан шиг л байсан гэсэн үг. Тиймээс МАН-аас нэр дэвшигчид олон нийтэд төдийлөн танил биш харагдаж байв. Тэдний нэг нь Б.Баттөмөр л дөө. Ийм үед АН, МАН-ын удирдлагууд хоорондоо тохиролцож нэг нэгнийхээ лидерүүдэд хялбар өрсөлдөгч хаяж өгөх нь гэм биш зан. Энэ л зарчмаар олон нийтэд танигдаагүй Н.Цэрэнбат Увсад Н.Алтанхуягийн аманд очиж, Н.Оюундарь Сэлэнгэ аймагт С.Баярцогтод тулж байсан юм. Харин Б.Баттөмөрийн хувьд арай өөр. Түүний өрсөлдсөн тойрог дээр АН нь ч тэр, МАН нь ч ялгаагүй хэнийг явуулахаа шийдэж ядаж байсан байх гэж бодогддог юм. Бие даагчаар дөрвөн жил ажилласан Сайнхүүгийн Ганбаатар амдаад байж байлаа шүү дээ. Улс даяар рейтингийн судалгаа хийхэд эхний байранд зогсож байсан улстөрч. Гэхдээ 2016 оны сонгууль бидэнд олон гэнэтийн бэлэг барьсан. Түүний нэгээр гарцаагүй Б.Баттөмөрийг хэлнэ. Магадгүй, Дархандаа бараг дархлагдсан Д.Хаянхярваа гишүүнийг дагаж явсны нөлөө ч түүнийг сонгогдоход ихээхэн хэрэг болсон байх.

Өнгөрсөн дөрвөн жилд МАН дотроо "60 тэрбум”, "ЖДҮ”-чин гэх хоёр хэсэгт хуваагдсан. Энэ бол би нэрлээд байгаа хэрэг огт биш. Өөрсдөө нэг нэгнээ тэгж цоллосон юм. Тухай нь, ХХААХҮЯ-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын дуулианд УИХ-ын 49 гишүүн их, бага хэмжээгээр ширвэгдсэн. Тэдний дунд манай бичлэгийн гол баатар ч орж байгаа. "Өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлах нэгдэл” гэдэг хаягтай гарсан материалаас харахад Б.Баттөмөр гишүүн өөрийн хувь эзэмшдэг "Мондем” ХХК-даа 300 сая төгрөгийн зээл авахад нөлөөлсөн гэх. Мэдээллийн хэрэгсэлд гарсан бүрэн бичлэгээрээ бол бараг кино зохиол юм билээ. Уг нь бол ийм зэргийн мөнгө рүү сарвайхааргүй бэл бэнчинтэй хүн. Хөрөнгө орлогынх нь мэдүүлгээс харах юм бол "Хөх ган” ХК, "Монгол Шевро” ХК, "Жаргалант төв” ХК, "Монгол Эд Импекс” ХК, "Эрдэнэс Таван толгой” ХК, "Тэс петролиум” ХХК, "Сэлэнгэ Петрол” ХХК, "Мондем” ХХК, "Ойн бирж” ХХК, "Жэй Эм Ойл” ХХК-иудтай юм шүү дээ.

Дөчиндөрөвдүгээр тойрог: Б.Жавхлан

Болдын Жавхлан хэмээх улстөрчийг сэтгүүлчид "банкны” Б.Жавхлан гэж хочлон ярилцдаг. Ерөөсөө нэг ангид адилхан нэртэй хоёр хүүхэд ороод ирэхээр аль нэг нь эсвэл хоёулаа хочтой болдог доо. Тийм л учиртай. "Банкны” гэж хочилсон нь ч тохиолдлын хэрэг биш. Түүний намтар тэр чигээрээ банк, санхүүгийн байгууллагатай холбоотой юм. Тэрбээр Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг банкны эдийн засагч мэргэжлээр 1992-1997 онд суралцаж дүүргэсэн. Санхүүгийн чиглэлээр АНУ-ын Индианагийн их сургуульд 2009 онд магистр хамгаалсан байдаг. Ажилласан байдлын тухайд МУИС-ийг төгссөнийхөө дараагаас буюу 1997-1999 онд Монголбанкны Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, 1999-2000 онд Монголбанкны ХААН банканд бүрэн эрхэт төлөөлөгч, эрх хүлээн авагч, 2000-2004 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагчаар ажиллажээ. Харин 2004-2006 онд Худалдаа хөгжлийн банканд үйл ажиллагаа эрхэлсэн захирал, 2006-2007 онд Худалдаа хөгжлийн банкны дэд ерөнхийлөгчөөр ажилласан байдаг. Ингээд 2010 оноос Монголбанкиндаа эргэн иржээ. Тэгэхдээ Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр шүү. Тасралтгүй зургаан жил тэр албан тушаалдаа ажиллаад УИХ-д сонгогдсон юм. Иймээс "банкны” гэхээс өөр яалтай билээ.

Хийж ирсэн ажлаасаа болсон уу өнгөрсөн дөрвөн жилд УИХ-аар орсон банк, санхүүтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн даргаар цөөнгүй удаа ажилласан байна. Тухайлбал, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар ажилласан байдаг. Мөн банкны хяналт шалгалт, зохистой засаглал, удирдлагын эрх зүйн орчинг сайжруулах зорилготой Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллажээ. Ийм хуулийн төслүүд дээр УИХ-аас ажлын хэсэг томилохдоо Б.Жавхлангаар ахлуулж байгаа нь сайн мэргэжилтэн болохыг нь нотолж байгаа хэрэг. Эдгээр хууль, нэмэлт, өөрчлөлт чуулганаар батлагдаад одоо мөрдөгдөж байна. Дээр нь, Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах Үндсэн чиглэлийн тогтоолын төсөл дээр ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлэгт бэлтгэхэд ахалсан тухайг ч дурдах ёстой. Энэ зэргийн ажил хийсэн гэдэг бол анх удаагаа УИХ-д сонгогдсон гишүүн байтугай арван жил суусан зарим хүнээс ч гараагүй хөдөлмөр гэхэд болно. 

Хэдийгээр банк санхүүгийн салбартаа танигдсан хүн мөн боловч тэрбээр улс төрд бол шинэ хүн. Бас хууль тогтоох дээд байгууллагад өнгөрсөн дөрвөн жил ажиллахдаа чамгүй олон хуулийн төсөлд гар бие оролцсон боловч нийтэд төдийлөн танигдаж амжсангүй. Шударга ёс тогтоох талд зогссон гэдэг ч туг барьж гүйсэнгүй. Улс орны амьдрал өнөө маргаашгүй сүйрэх нь гэж сүржигнэсэнгүй. Нэг талаараа УИХ хэмээх хууль тогтоох дээд байгууллагад яаж ажиллах ёстой түүнийг гүйцээсэн боловч нөгөө талаар нийтийн анхаарлын төвөөс холдож бүдгэрчээ. Мөн түүнийг ЖДҮХС-гаас "Пример” инвестмэнт ХХК, ‘Жете майнинг” ХХК, "Алтан-Олом” ХХК-д зээл өгөхөд нөлөөлсөн тухай мэдээллийн хэрэгслүүд бичиж байлаа. Энэ дуулиан дэгдэж байх үед тэрбээр "Миний нэр холбогдоод байгаа "Пример инвестмент групп” компанид хүсэлт тавьж уулзлаа. Яах аргагүй Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа, жижиг, дунд үйлдвэр мөн байна. Төрөөс явуулж буй Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдсан нь үнэн байна. Миний хувьд ямар ч холбоо байхгүй. Тус компани анх 2014 онд байгуулагдсан юм байна. Би 2010-2015 онд "Долоон болдог” ХХК-ийн бага хэмжээний хувьцаа эзэмшигч гэдгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж ирсэн. Харин 2015 оноос хувьцаа эзэмшихээ больсон. Тэгэхээр намайг холбогдуулаад байгаа "Пример инвестмент групп” компанитай би ямар ч холбоогүй” гэж байлаа.

Дөчинтавдугаар тойрог: Д.Хаянхярваа

Дархан-Уул аймгийн Засаг даргаар хоёр удаа ажиллаад тэндээсээ УИХ-д гурван удаа сонгогдож, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, Сангийн сайд, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Хаянхярваа гэдэг цогтой эрийг нам нь энэ зуны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлэхгүйгээр шийджээ. Үүнийг сонссон хүмүүс "МАН УИХ-д нэг суудлаа алдлаа” гэж ярилцаж байна. Ингэж хэлэх шалтгаан бий. Учир нь түүнийг УИХ-д өрсөлдөж эхэлсэн 2008 оноос хойш Дархан-Уул аймагт МАН давамгай болж ирсэн юм. Улс төрийн сонголтын хувьд савалгаатай газрыг тогтоож намынхаа өнгөнд барьж байна гэдэг хэр чансаатай улстөрч болохыг нь илтгэж байгаа хэрэг. Одоо энэ УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан нар 2016 оны сонгуулиар чухам түүний хоёр талаас хөтлөн явж сурталчилгаагаа хийж, олонд танигдаж байлаа. Нэр хүндийн хувьд ийм атлаа тойроггүй хоцорч байгаа нь улс төрийн нэг төрлийн "өшөө авалт” юм уу даа.

Адлагдах болсон шалтгаан нь их энгийн. МАН-ын дарга асан М.Энхболдын талаас эргэж буцаагүйд л байгаа юм. Тэрбээр, УИХ-ын гишүүн М.Энхболдтой олон жил нөхөрлөсөн гэдэг. Дархан хотын дарга байхад нь М.Энхболд Улаанбаатар хотын захирагч байж таарсан. Тэр үүднээс бодвол үе тэнгийн хүмүүсийн хооронд нөхөрлөл үүссэн ч биз. Гэхдээ улс төрд бүдрэхэд нь түлхдэг зан бол Д.Хаянхярваа гишүүнд байхгүй бололтой. Өнгөрсөн дөрвөн жилийн МАН-ын дотоод хагаралыг "Шударга ёсны тэмцэл” гэж хөөргөх хүн бий. Эрх мэдлийн өрсөлдөөн гэх нэгэн ч байдаг. Өс хонзон гэж тайлбарлавал бас болохоор л үйл явдал өрнөсөн. Цаг хугацааны уртад шүүгдээд гарна. Харин АН-д том, жижиг таван сонгуульд ялагдаад байсан намаа М.Энхболд 2013 онд аваад УИХ-д 65 суудалтай болгож, Улаанбаатарт нэг дүүрэг, улс даяар ганц аймгаас бусдад нь улаан тугаа зоож ахуй цагт уяан дээр нь өнжиж байсан олон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаных нь дараа урдаас нь ч, араас нь ч дайрсан даа. Ийм зан гаргаагүй хүн гэвэл одоо настайгаас Д.Хаянхярваа, залуугаас Н.Номтойбаяр л үлдсэн байх.

МАН-ыг 2016 оны ялалтад хөтөлсөн Ц.Сандуйг нэг савсаг нөхрийн зохиосон төлөвлөгөөг сонссон асуудлаар ялласны дараа тус намын олон хүн ханцуй дотроо халаглаад өнгөрсөн. Тэгэхэд Д.Хаянхярваа "Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг ял авсныг нь гайхаж байна. "60 тэрбум"-ын гэх хэрэг хэрэгжсэн юм байхгүй. Нэг хүн төлөвлөгөө оруулж ирсэнтэй нь манай дарга, цэргүүд танилцсан, танилцаагүй гэдэг ийм л асуудал яригддаг” гээд ил яриад зогсож байлаа. ХХААХҮЯ-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Засгийн газар, УИХ-ын гишүүд зээл авсантай холбоотойгоор Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгийг тэр л өөрийнхөө албан бланк дээр цуглуулж байв. Хамгийн сүүлд харсанаар бол чуулганы хуралдааны үеэр Ч.Улаан сайдад хандаж "Ноолуурыг өндөр үнээр авч чадахгүй бол малчдад үнэнээ хэлэх хэрэгтэй” гэж сануулж байна лээ. Түүний энэ ил тод араншин л өөрийг нь улс төрөөс гаргаж байгаа бололтой. Ер нь МАН хэзээнээсээ диктатур өндөртэй. Үүгээрээ АН-аас илүү гэж өөрсдийгөө үнэлэх гээд байдаг. Үнэндээ бол тэр нь ардчилсан нийгэмд тэгж сайхан тохироод байх зүйл биш л дээ. Намын удирдлага нь нэг шийдвэр гаргаад түүнийг нь зөв, буруу хамаагүй мухар сохроор дагана гэдэг алдаатай шийдвэр гаргах өндөр магадлалтай. Бүр цаашилбал, дарангуйлал руу шилжчих эрсдэлтэй юм. Энэ өнцгөөс харвал тэрбээр намаа эсэргүүцсэн биш аварсан болж таарна. Саяхан болсон намынхаа Бага хурлын дараа Д.Хаянхярваа "Ирэх сонгуульд намаа дэмжиж ажиллана. Манай гурав ялна” гэсэн байна лээ. Ээдрээтэй туулсан дөрвөн жилийн дараа ингээд зогсож байх эр цөөхөн шүү. 

Ж.Баярсайхан

Эх сурвалж: Zindaa.mn