|

АПУ ард түмнийг архинд живүүлцсэн болохоос аварч, хамгаалаагүй шүү!!!

Улс төр бужигнаж, Улсын их хуралд нэр дэвшигчид албан бусаар сурталчилгаагаа эхлүүлчихлээ. Нэр дэвшигчдийн зарим нь олонд танигдах гэж байн байн зурагтаар гарч байгаа бол зарим нь бага сага ярьсан зүйлээ сэвэх... Энэ удаагийн сонгууль эрээвэр хураавар нэр дэвшигчидтэй, ер нь л "элдэвтэй” болох дүр зурагтай байна. Хамтран ажиллагсадаас эхлээд хамаатан саднаараа дэвшиж байгаа тэд сурталчилгаа эхлэхээс өмнө сонгогчдынхоо дургүйг хүргэж эхлэх нь тэр. Их хурлын сонгуульд нэр дэвших  ураг төрлийн хүмүүсийн нэг нь "АПУ" гэх тодотголтой Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, түүний авга эгч П.Батчимэг нар. Б.Ганхөлөг аавынхаа нутгийнхийг дэмжинэ хэмээн  Ардчилсан намаас Өвөрхангай аймагт нэр дэвшиж байгаа бол П.Батчимэг мөн л Ардчилсан намаас Дорнод аймагт нэр дэвшихээр "сунгаагаа” эхлүүлэх гэж байна. Гэвч П.Батчимэг эхлэхээсээ өмнө бүдрэв. Дорнод аймгийнхаа ард иргэдийг төдийгүй бүх монголчуудыг доромжилчихов.

АПУ компанийнхныг хүний зовлон дээр жаргагсад, Монголын нийгэмд архидалт нэмэгдэж, гэр бүл салалт бий болж ирсэн гэх шүүмжлэл дагасаар ирсэн.  

Харин энэ талаар асуусан сэтгүүлчийн асуултад Дорнод аймагт нэр дэвшихээр болсон П.Батчимэг "Архийг яг АРХИ гэж нэрлэсэн цагаас нь хойш тоолбол архи 5000 жилийн настай бүтээгдэхүүн. Хэзээд л байсан, байсаар ч байх л ундаа. Нэгэнт хүн төрөлхтөн архи хэрэглэх нь үнэн юм бол аюул хоргүй, маш чанартай байх ёстой. Монголын нийгэмд хор хөнөөл учруулсан гэхээс илүүтэй олон хүний амь насыг хамгаалсан гэдгийг баттай хэлэх байна. Хэрэв АПУ компани баталгаатай, чанартай архи үйлдвэрлээгүй бол олон хүн амь насаараа хохирох байсныг үгүйсгэх аргагүй. Технологийн шинэчлэлд их хэмжээний хөрөнгө оруулалтыг зогсолтгүй хийснээр олон улсад чанараараа тэргүүлж байна" гэж хариулжээ.

Уучлаарай. АПУ компани ард түмнийг архинд живүүлсэн болохоос аварч, хамгаалаагүй шүү.  Өнгөрсөн хугацаанд АПУ – архидалт гэдэг үг холбоо үг шиг хэрэглэгдэж ирсэн. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш нийгэмд архидалт хавтгайрахын зэрэгцээ "АПУ” архины салбарынхаа оргилд гарсан. Гэтэл үүнийгээ "Олон хүний амийг аварсан цагаан үйл” гэсэн нь олны эгдүүцлийг  ч ихээхэн хүргэжээ. "АПУ"-гийн ах дүү, өв залгамжлагч нарт Монголын төр, ард түмэн ямар өртэй юм бэ гэж асуух ч хүн олон байна.     

Архины салбарынхан улстөрд гарах гэж ийн улайрч байгаа нь цаанаа бизнестэй нь холбоотой. Ард түмний шаардлагаар "Архины тухай” хуульд өөрчлөлт оруулах ажлыг үе үеийн парламентчид хийж ирсэн ч төрд нөлөөллөө тогтоосон хүмүүсийнх нь уршгаар "төв нь голлоогүй” хууль батлагдсаар ирсэн. Энэ удаагийн парламентад ч гэсэн архины салбарынхан нэг биш нэлээд хэдэн төлөөллөө оруулахаар зэхэж, улмаар эхнээсээ гуулиа цухуйлгаж буй нь энэ бололтой. 

Б.Энхчулуун

Эх сурвалж: tovch.mn