|

Америкийн соёл, мэдээллийн төвийг нээх санамж бичиг байгууллаа

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческигээр ахлуулсан ЭСЯ-ны төлөөлөл АНУ-Монгол Улсын соёл, боловсрол, иргэн хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Дархан хотод 5 дугаар сарын 22-ны өдөр ажиллалаа.
Элчин сайд Клечески айлчлалын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат нартай уулзалт хийлээ. Түүний дараагаар Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт зочилж үйл ажиллагаатай нь танилцсан юм. Энэ хүрээнд ГБХЗХГ-ын дарга А.Амгалан болон АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Роберт Тэйт нар Дархан хот дахь Америкийн Соёл, мэдээллийн төвийг үүсгэн байгуулах харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулан гарын үсэг зурлаа.

Уг төв нээгдсэнээр Дархан хотын иргэд АНУ-ын талаар бүхий л төрлийн мэдээллийг авах боломжтой бөгөөд тус төвөөс англи хэлний сургалтууд, англи хэл дээрх номын сан, интернэтийн үйлчилгээ болон их дээд сургуулиудад элсэх талаар хүүхэд залуучуудад зөвлөгөө өгөх үйлчилгээ зэргийг иргэдэд үнэ төлбөргүйгээр үзүүлэх аж. Мөн Дархан дахь Америкийн Соёл, мэдээллийн төв нь соёл, олон нийтийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах ажээ.

Соёл, мэдээллийн төвийн санхүүжилтийг АНУ-ын Төрийн Департаментаас баталгаажуулсан бөгөөд үйл ажиллагааг АНУ-ын Батлан хамгаалах яамны Иргэн-Цэргийн харилцааны барилгын сэргээн заслын тусламжтайгаар 2020 оны 11 дүгээр сард нээхээр төлөвлөжээ. 

Л.Отгонбаатар