|

Сургалтын төвийн үйл ажиллагааг хэсэгчлэн нээнэ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 166 дугаар тогтоол, 05 дугаар сарын 26-ны өдрийн 1/228 тоот албан бичиг, аймгийн Онцгой комиссын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн сургалтын төвүүдийг хэсэгчлэн нээхээр шийдвэрлэжээ.

Үүнд: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 02/1292 албан бичгийн хавсралтад тусгагдсан тусгай зөвшөөрөлтэй сургалтын төвүүдийн үйл ажиллагааг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хэсэгчлэн нээхээр болсон байна. Мөн Мэргэжлийн анхан шатны ур чадвар олгох, гадаад хэлний сургалтын төв, тээврийн хэрэгслийн болон мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын нэрсийг хавсралтаар баталсугай гэжээ. Түүнчлэн эрх бүхий байгууллагаас коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан зөвлөмжийг биелүүлж ажиллахыг сургалтын байгууллагын дарга, удирдлагуудад үүрэг болгосон байна. Шаардлага хангасан сургалтын төвийн танхимын сургалтыг үе шаттай эхлүүлж, танхимын сургалтад 16-гаас доош насны хүүхдийг хамруулахгүй байх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо. 

Л.Отгонбаатар