|

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр цахим үйл ажиллагаануудыг зохион байгуулна

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жил Дархан-Уул аймагт "Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Энэ хүрээнд цахим үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Тухайлбал, Орон нутгийн телевизүүдээр "Дэгдээхий нас” цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан хөгжөөнт цэнгээнт танин мэдэхүйн нэвтрүүлэг, Хүүхэд багачуудын бэлтгэсэн "Дарханы мэдээ” мэдээллийн хөтөлбөрийг үзэгчдэд толилуулна. Мөн "Хүүхдээ сонсоцгооё” аймгийн шилдэг тэргүүний сурагчдын ярилцлага, "Би Монгол хүн” АХА нэвтрүүлэг, хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр телевизийн шторк бэлтгэж нэвтрүүлэх ажээ. 

5 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 -14:00 цагт "Монгол бахархал” гар зургийн уралдааны дүнг танилцуулж, шагнал гардуулахаар төлөвлөжээ. Мөн өдрийн 10:00 -14:00 цагт "Баярлалаа” цахим захидлын уралдаан, аймгийн Онцгой байдлын газарт 15:00 -16:00 цагт "Гал тоглоом биш” гар зургийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах аж. 5 дугаар сарын 31-ний өдрийн 14:00 цагт Залуучууд театрын гоцлол дуучин МУСТА Б.Соронзонболд "Аз жаргал” онлайн тоглолтоор бэлэг барина. 6 дугаар сарын 01-ний өдөр 48 улирал онц суралцсан сурагчдыг алдаршуулж баяр хүргэхийн зэрэгцээ "Хараацай хэдгэнэ хоёр” хүүхдийн жүжгийг Залуучууд театраас шууд дамжуулахаар бэлтгэж байгаа ажээ.  

Л.Отгонбаатар