|

Сонгуулийн маргааш биднийг юу хүлээж байгаа вэ!

"Сүхбаатар ялна”, "Архангайчууд ялна”... Энэ мэтчилэн гоё урианууд Монгол даяар цуурайтаж байна. Их хурлын суудал горилж буй хэн ч хамтдаа ялна, сайхан болгоно гэж ярьж байгаа. Тэгэхээс ч аргагүй. Сонгуульд ялах нь нэр дэвшигчдийн эхний зорилго байж болох ч ялсан хүмүүст үүнээс ч илүү том зорилт тулах нь зайлшгүй. Тэр нь эх орноо элгээр нь хэвтүүлэхгүй байх явдал. Магадгүй Монгол Улсад болсон сүүлийн дөрвөн сонгуулиас ч илүү том сорилт 2020 оны сонгуульд ялагчдыг угтаж байна. Тэд хэрсүү байж, сийрэг бодлого боловсруулж чадаж гэмээ нь түүхэнд сайнаар үлдэнэ. Бүр эсвэл 90-ээд оны хямралыг авчирсан гэж хараалгуулж ч мэдэх юм.  

Хамтдаа сайхан болох гоё урианууд цуурайтаж байх хооронд 2021 онд бид 500 сая ам.долларын гадаад бондын өр төлнө. Олон улсын валютын сан угтаа эдийн засаг хүнд байгааг мэдэж байгаа болохоор өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг сайнаар дүгнээд буцаж байгаа. Дотооддоо хүнд болон хөнгөн үйлдвэрийн сураг ч байхгүй, нэмүү өртөг шингээсэн ганц ч бүтээгдэхүүнгүй, нүүрснээс өөр экспортын бараагүй манай улсад гадаад бондын өр гэдэг бол муугаа мэдэхгүй байж зээл авсан сагсуу нэгнээс ялгаагүй юм. Ядаж байхад энэ жил коронавируст халдвар дэлхийг түгшээж байгаа нь нэмэр дээр нэрмээс болж байна уу гэлтэй. Ердөө ганц л тоо дурдъя л даа. Монгол Улсын экспортын голлох бараа болсон чулуун нүүрсний экспорт он гарснаас хойш 2.3 дахин буурчээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн таван сарын хугацаанд Монгол Улс 6.3 сая тонн чулуун нүүрс экспортолсон тухай Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ. Нийтдээ 512.8 сая ам.доллароор хэмжигдэх чулуун нүүрс экспортолсон ч энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 2.3 дахин буурсан үзүүлэлт гэсэн үг. Үүнээс гадна Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк Монгол Улсыг эдийн засгийн эрсдэлтэй, гүнзгий хямралд өртөж болзошгүй орны тоонд багтаасан нь энэ сонгуульд ялагчид өмнөхөөс илүү толгойгоо гашилгах хэрэгтэй гэдгийг сануулсан сануулга болсон юм.

Уул уурхайгаа дагасан эдийн засагтай, түүнийгээ дагасан улс төртэй Монгол Улсад бас нэг барайлгах мэдээ байгаа нь эхний улиралд ДНБ 10.7 хувиар унасан явдал. Монголбанкны албаныхан ДНБ долоо гаруй хувиар унана гэж таамаглаж байснаас ч хамгийн их уналтаа үзүүлсэн нь энэ. Мэдээж хэрэг уул уурхайгаа дагасан эдийн засагтай улс учраас коронавирусээс шалтгаалж хил хаасан зэрэг нь мөн энэ салбарт ч сүүдрээ тусгасан. Уул уурхай олборлох салбар ДНБ-ийн уналтын 7.6 хувийг бүрдүүлж байгааг судлаачид онцолж байлаа.

"Ойрын хэдэн жилд Засгийн газар хэмнэлттэй л байх ёстой. Маш хүнд цаг үе бидний өмнө ирж байна. Эдийн засгийн орчин сайн байхад хэмнэж чаддаггүй манайх шиг Засгийн газар дандаа л ийм хүнд байдалд ордог” гэж МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн Дэд профессор, доктор (Ph.D) Б.Алтанцэцэг ярьж байсан юм.

Дээр дурдсан 2021 онд төлөх гадаад бондын өр төлбөр бод бидний төлөх өр төлбөрүүдийн ердөө л эхлэл нь. Манай улс 2021 оноос эхлэн дөрвөн жил дараалж нийт 2.9 тэрбум ам.доллартой тэнцэх дөрвөн том бондын өрийг төлөх ёстой. Тэгэхээр энэ сонгуулиар бүрдэх парламент хоёр фронтод зэрэг дайтах хэрэгтэй болж байна. Нэг нь бондын өр төлбөрийг ямар эх үүсвэрээр төлөх вэ гэдэг асуудал бол нөгөө нь коронавирусээс шалтгаалсан эдийн засгийн хямралыг хэрхэн гэтлэх вэ гэдэг асуудал. Хоёуланд нь манай Засгийн газар бэлтгэлгүй. Өмнө нь ч ийм байсаар ирсэн. Бүр гал алдах гээд ирэхийн цагт мөнгө ихтэй түрийвч зузаантай гаднынхныг бараадна. Дээрээс нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийг хэрхэн даван туулах, түүнд суурилсан эдийн засгийн бодлого боловсруулах туршлагагүй улс гэж үзэж болно. Тийм туршлага байгаагүйн улмаас бид хөгжлийнхөө оргилд хүрчих улс гүрнүүдийн хямралын үед авч хэрэгжүүлж байгаа бодлогыг даган дуурайх, зарим талаар хуулахаас өөр юуг ч үл хийж байна.

Байгалийн давагдашгүй хүчийг даван туулах тал дээр бид хуулийн жаазгүй ч "гал цогтой” хэдэн арга хэмжээ авсан. Монгол Улсын Засгийн газар энэ асуудлыг шийдэхийн тулд ажил олгогч руу шууд чиглэсэн дараах гурван шийдвэрийг гаргасан. Нэг нь дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл зургаан сарын хугацаанд аж ахуйн нэгж байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн чөлөөлж, тэглэх болсон. Дараагийнх нь мөн дээр дурдсан хугацаанд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуй нэгж байгууллагаас орлогын албан татвар авахааргүй болсон. Өөрөөр хэлбэл жижиг, дундын тодотголтой орлогоос, нөгөө орлогын хооронд бор хоногоо аргацаадаг байгууллагуудыг хамгаалах талын үйлдэл гэсэн үг. Нөгөө нэг нь цар тахлын хүнд үед үйл ажиллагаа нь доголдож, хүндрэл үүссэн ч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжүүдэд сар бүр ажилчдын тоогоор 200 мянган төгрөг олгохоор болсон явдал. Компаниа юу, ажилчдаа юу гэж толгойгоо маажсан олон байгууллагуудыг энэ шийдвэрээр хамгаалсан юм. Компани ч, ажилтан ч энэ нөхцөлд хохирохгүй. Нөгөө талд ажилчдыг хамгаалах зорилгоор зургаан сарын хугацаанд хүн амын орлогын албан татвар авахааргүй болсон. Нэг ёсондоо гаднын өндөр хөгжилтэй орнуудын хэрэгжүүлсэн бодлогыг монгол хөрсөндөө буулгасан гэсэн үг.

Ерөөс би биш эдийн засагчид нэг л зүйлийг хэлээд байгаа. Монгол Улс дараалсан өр төлбөр, эдийн засгийн хямралаа даван туулахын тулд гаднын байгууллагад хандахаас өөр аргагүй гэж. Учир нь манай эдийн засгийн чадамж тааруу болохоор тэр. Дээрээс нь дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал аль хэдий нь эхлээд сүүдрээ тусгаад эхэлсэн нь Монгол Улсын эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлж байгаа юм. 

Одоохондоо Монгол Улсад сонгуулийн үнэрээс бусад үнэр үнэртэхгүй байж болох ч эдийн засаг аль хэдийнээ сүүдэртээд эхэлсэн гэдгийг нэр дэвшигчдэд, олонхын санал аваад ялах хэдэд сануулъя. 

Б.Аззаяа  

Эх сурвалж: Zindaa.mn