|

Наадмаа ор нэр болгож хийснээс өнжье

Төр, засгаас заримдаа эргэлзмээр сонин шийдвэр гаргах юм даа. Хэд хоногийн өмнө улсын баяр наадмыг үзэгчгүйгээр хийнэ гэсэн шийдвэр гаргасан л даа. Үүнийг яахаараа ингэдэг хэрэг вэ гэж гайхсан. Гайхахын үндэслэл бас байна л даа. Баяр наадам гэдэг чинь зөвхөн морь, бөх, харваандаа биш ард олны цэнгэл биз дээ. Гэтэл спортын аль нэг тэмцээн шигээр үзэгчгүй наадамлана гэсэн нь тун зохимжгүй шийдвэр санагдсан. Олноороо цэнгэхгүй наадам гэж байхгүй л дээ. Улсын баяр наадмыг тэгж тэмдэглэе гэе.

Аймаг, сумынхан наадмаа яах болж байнав. Улсын онцгой комисс уг шийдвэр гаргасныхаа дараа бас инээд хүрмээр журам сахиулна гэсэн байгаа юм. Тэр нь юу вэ гэвэл бөхчүүдийг масктай, бээлийтэйгээр барилдуулна гэжээ. Энэ нь зохиогүй журам л даа. Дээхнэ үед үндсэрхэх үзэл гэж байх үед бөхчүүдийг монгол гутал өмсгөхгүй заавал савхин гуталтай барилдуулна гэж байсантай агаар нэгэн асуудал биш үү.

Үүнийг бөхчүүд эрс эсэргүүцсэн байна лээ. Аргагүй шүү дээ. Резинен бээлий өмссөн гар учраагийнхаа шуудгийг хэдий хугацаанд атгаж чадах вэ. Амны хаалтгайгаар хэр амьсгалж эр чадлаа гаргах вэ. Ёстой л хошин шогийн тоглолт шиг юм болно биз дээ. Иймээс тийм боймолсон барилдаанд оролцохгүйгээ аварга, арслангуудаас эхлээд олон бөх саналаа хэлсэн харагдана лээ. Шийдвэр гаргагчид журам дэглэгчдээ уламжлалаа эвдсэн ийм хөгийн шийдвэр битгий гаргаач. Нэг бол наадамладгаараа л наадъя. Нөгөө бол цар тахлын аюул дэргэд байна гээд энэ жилийн наадмаа өнжсөн ч болох л доо. Дэлхийд олимпийн наадам өнжихөөр болсон. Манай ард олноороо цэнгэдэг наадам дэлхийн олимптой дүр төрхөөрөө адил шүү дээ. Иймээс энэ жилийн наадмын зардлаа хэмнээд дараа жилийн наадмаа бүр нэг хийсэн шиг хийвэл яасан юм бэ.  

Х.Санжаа

Эх сурвалж: sonin.mn