|

Б.Энх-Амгалан сайд аа, Дарханы замаа засаж чадаагүй танд итгэх сонгогч гэж байх уу?

Сонгуулийн халуурал ид үргэлжилж байна. Энэ цаг үед улс төрчид юу ч амлаж, ямар ч үлгэр ярьж магадгүй. Тэдний нэг нь Зам тээврийн сайд Б.Энх-Амгалангийн хэрээс хэтэрсэн амлалт. Тэр энэ удаагийн сонгуульд Говь-Алтай аймгаас нэр дэвшин өрсөлдөж буй. УИХ-ын 2016 оны сонгуулиар Хан-Уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, парламент суусан ч энэ удаад тойргоо солин Говь-Алтайд нэр дэвшиж байгаа хэрэг. Учир нь сонгогдсон тойрогтоо нэр муутай, хийж хэрэгжүүлсэн ажилгүй учир намын удирдлагууд ийн тойргийг нь сольж. Гэтэл мань эр Говь-Алтайд очин биелэшгүй үлгэр ярин үсэргэж явна. Өнөөдрийг хүртэл нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй цөөхөн аймгийн нэг нь Говь-Алтай. Гэтэл эрхэм сайдтан тус аймгийн 18 сумыг аймагтай хатуу хучилттай замаар холбох үлгэр ярьж яваа нь нийгэмд шүүмжлэл дагуулж байгаа юм. Учир нь түүний сайд болсноосоо хойш ярьсан, ажил хэрэг болгоогүй Улаанбаатар Дархан чиглэлийн зам аюулын харанга дэгдээгээд байна. Хэдхэн сарын дотор барьж ашиглалтад оруулна гэсэн тус зам өнөөдөр там болсон. Зам барьж эхлэх сургаар тус чиглэлийн хуучин замыг хуулж хаяснаас маш олон хүний амь нас, эд хөрөнгө эрсдэлтэй тулаад байна. Тоо баримтаар он гарснаас хойш тус зам дээр гарсан ослоос үүдэн 100 гаруй хүн гэмтэж 24 хүн хорвоогийн мөнх бусыг үзжээ. Энэ бол Б.Энх-Амгалан сайдын хариуцаж буй салбар яамны ажлын үр дүнг илтгэх тоо. Хариуцлагатай, улс төрийн ёс зүйтэй оронд бол Б.Энх-Амгалан сайд дахин УИХ-д нэр дэвших бус хуулийн хариуцлага хүлээж, сайдын суудлаасаа буухаар үйл явц. Гэтэл тэрбээр энэ байдалд дүгнэлт хийгээгүйгээр барахгүй Говь-Алтайн сум бүрийг аймагтай нь хатуу хучилттай замаар холбох биелэшгүй мөрөөдөл ярин давхиж явах. Гэхдээ Дарханы замыг ганц л км урагшуулж чадаагүй таны үлгэрт Алтайчууд итгэх нь юу л бол.    

О.Онон

Эх сурвалж: Olloo.mn