|

Браво, С.Эрдэнэ

Улс төр бол тоглолт. Бас стратеги. Хэвшмэл зүйлийг хэвшмэл бус, стандарт бус арга замаар шийдэх, тэрхүү шийдэлдээ дөрөөлөн улс төрийн оноо авах нь аль ч улс төрийн хүчний удирдагч, лидерт байх л ёстой чадвар, хандлага. Ийм хандлагыг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өчигдөр илэрхийлсэн бөгөөд эцсийн шийдвэр болгон олонд зарлалаа.

Уг шийдвэрээрээ тэрээр Ардчилсан нам УИХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд болохгүй харин энэ албан тушаалаа Ерөнхий сайд асан Р.Амаржаргалд өгнө хэмээн мэдэгдэв. Энэ шийдвэрийг гаргах гэж тус нам өнгөрсөн арав хоног орчмын хугацаанд дотоод хэлэлцээрт орсон бөгөөд өнөөдрийг хүртэл С.Эрдэнэ Ардчилсан намын даргын хувиар тодорхой байр суурь илэрхийлээгүй байсан юм.

Харин өнөөдрөөс эхлэн тус намын бодлогын шийдвэр, ялангуяа Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг сурталчлах, тайлбарлах, таниулах үүрэг автоматаар ийн Р.Амаржаргал, С.Эрдэнэ гэсэн хоёр хүний хос тоглолт дээр бууж байгаа бөгөөд тэд гар гараа атгалцана аа гэсэн үг. Гэхдээ Ерөнхий сайдад шууд Р.Амаржаргалыг санал болгосноор тэрбээр эрх баригч намын зүгээс Ардчилсан намын дарга С.Эрдэнийг УИХ-ын сонгуульд намаа удирдаж орох нэр хүндгүй, үнэ цэнгүй гэх мэтээр шүүмжилж байсан шүүмжлэлд өөрийн биеэр бууж өгч байгаа сэтгэгдэл төрүүлсэн байх талтай.

Нөгөө талаас өдий дайны туршлагатай, ялж, ялагдаад үзсэн улстөрчийн хувьд энэ зэргийн эрсдэлийг тооцоолоогүй шийдвэрлэсэн нь юу л бол. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ энэхүү шийдвэрээрээ өөрийгөө улс төрийн стратегич болсныг баталсан бөгөөд Монголын улс төрд яг өнөөдрийг хүртэл ийн хийх гэж буй алхмаа ил тод зарладаг, УИХ-ын сонгуулийн дараах өдрийн дүр зургийг стратеги төлөвлөлтийн дагуу зурдаг улстөрч төдий л олон бэлтгэгдээгүй байсан гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Тодруулбал, стратегич талаасаа Ерөнхий сайд асан С.Баяр нэг номерт бичигддэг бөгөөд түүний стандарт бус шийдвэрүүд тухайн үедээ Монголын улс төрийг донсолгож байсныг бас мартаж болохгүй.

Жишээ нь, тэрбээр УИХ-ын сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулна гэдэг стратеги бус шийдвэрийг гаргаж байсан. Түүнийг нь МАН төдийгүй АН-ынхан тухайн үедээ хангалттай эсэргүүцсэн ч яг үнэндээ С.Баярын тэргүүлж байсан хамтарсан Засгийн газар Монголын эдийн засагт хувь нэмрээ өгөхүйц олон зөв шийдвэрийг гаргасан. Дараа нь, УИХ-ын сонгуульд ялж авсан Ерөнхий сайдын албан тушаалаа гэнэ сэрэггүйгээр нэг өдрийн дотор Ерөнхий сайд асан Сү.Батболд шилжүүлсэн. Мөн л түүний энэ шийдвэр тухайн цаг үед олны гайхширал, улстөрчдийн шүүмжлэлтэй тулсан ч өнөөдрийн Монголын улс төрд нөлөө бүхий лидерийн тоонд үнэлэгдэх олон залуу улстөрчдийн өмнө гэрэл асаасан, зам нээсэн шийдвэр байсан гэдгийг энд хэлэх хэрэгтэй. Нэг ёсны хүчтэй улстөрчийн стандарт бус шийдвэр нь эргээд өөрт нь биш гэхэд өрөөл бусдад ялангуяа залуу үед, шинэ хүмүүст боломж, ирээдүйг нээдэг давуу талтай.  Тэгэхээр С.Эрдэнэ энэ шинэ боломжийг нээхийг зорьсон байж бас болно. Өнгөрсөн хугацаанд буюу АН-ын дарга болсон цагаасаа хойш тэрбээр намынхаа олон жил шинэчлэгдээгүй дүрэмд өөрчлөлт оруулж, залуучууд болон эмэгтэйчүүдийг сонгуулийн квоттой, намын гишүүдээ үүрэг хариуцлагатай, лидер түшсэн бус гишүүнчлэл дагасан шинэ тогтолцоотой болгосон. Түүхэндээ анх удаа С.Эрдэнийн үед Ардчилсан намын удирдлагад 40 хүрээгүй залуусын карьер удирдлагын төвшинд үнэлэгдэж, Ерөнхий нарийн бичгийн дарга, намын дэд дарга, аймгийн Ардчилсан намын даргын алба хаших боллоо. Бүр гоц гойд онцлог нь энэ удаагийн УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас бүхэл бүтэн 25 залуу нэр дэвшлээ. Энэ бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд хийгдээгүй шинэчлэл бөгөөд С.Эрдэнийн нэр дээр хаяглагдах Ардчилсан намд байгуулсан гавьяа, шинэчлэл гэдэгтэй хэн ч маргахгүй юм.  

Мэдээж Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын хувьд залуу улстөрчийн тоонд орохгүй. Гэхдээ тэрбээр тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтайн дээр хамгийн өндөр нэр хүндтэй улстөрчийн жагсаалтад үргэлжид дээгүүрт бичигддэг. Тэрхүү нэр хүндийн баталгаа нь УИХ-ын гишүүн байх, байхгүй цаг хугацаанаас нь үл хамааран судалгаанд дээгүүрт эрэмбэлэгддэг бөгөөд тэрбээр 30 жилийн турш хуримтлуулсан нэр хүндээрээ ийн Ардчилсан намын УИХ-ын сонгуульд орох туг нь боллоо.

Харин С.Эрдэнэ даргын хувьд тэрбээр Засгийн газрын бүрэлдэхүүнд нэрээ багтаах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Ардчилсан намын даргын албан тушаалыг нийт намын гишүүдийнхээ олонхын саналаар хашиж байгаа гэдгийг энд тэмдэглэн хэлэх нь зүйтэй биз. Нэг ёсны тэр бол Ардчилсан намын дүрмийн дагуу нийт гишүүдийнхээ олонхын саналаар сонгогдсон намын дарга. Харин Ерөнхий сайд болох эсэхийн тухайд намаа удирдаж багаа дарга багийнхаа гишүүдтэй, намынхаа удирдлагуудтай санал солилцоод хэнийгээ Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь бол харин ёстой тухайн нам болоод намын даргын асуудал юм. Энэ бол ардчилсан нийгмийн өөрийнх нь үнэт зүйл амьд байгаагийн илрэл. Гагцхүү энэ санал, энэ стратегид харин ард түмэн ямар санал өгөх нь дараагийн асуудал. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн санал хураалтын өдөр тодрох үр дүн. Ийм эрсдэлийн төлөө буулт хийж чадна гэдэг бол хувь улстөрчийнх нь зориг, ухаан хариагүйн баталгаа. Тиймээс ингэж стандарт бус стратегийн шийдвэр гаргасан Ардчилсан намын дарга С.Эрдэнэд талархал илэрхийлье. Магтаалын араас бөхийж харах сайн шалтаг өрсөлдөгч хүчиндээ өгсөнд нь баяр хүргэе. Тэд ч, эд ч аль аль талдаа стратегич байг л дээ. Алга ташилтаар ажил урагшлахгүй хойно. Браво, С.Эрдэнэ дарга аа. 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин