|

"Фортуна" Н.Батбаяр авлига, албан тушаалын хэргээс бултахын тулд архангайчуудаас аврал эрж байна

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа дуусахад дөрвөн өдөр үлдээд байна. Тиймдээ ч нэр дэвшигчид "амьсгаа өндөр”-тэй яваа. Түүн дээр нэмээд хэрвээ сонгогдож чадахгүй бол "аав”-ынд залрах шошготой хүмүүс бүр ч бухимдангуй яваа гэнэ. Тэдний нэг нь УИХ-ын нэгдүгээр тойрог буюу Архангай аймагт АН-аас нэр дэвшигч Н.Батбаяр. Түүний хийсэн хэргийг нь Архангайнхан андахгүй сайн мэдэж байгаа учраас тэр сандарч, тэвдэх нь ч аргагүй.

Мань хүн 2012 онд УИХ-ын гишүүн болж, улмаар Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байх үедээ нам нь засагдаж байна гэсэн шиг "Чингис", "Самурай" бондын 2.1 тэрбум ам.долларын  хөрөнгөөр гараа угаачихсан. Яах вэ өөрөө бол мөнгөөр "Гудамж төсөл", "Гэр хорооллын дахин төлөвлөлт" болон "888 төсөл хөтөлбөр” зэргийг санхүүжүүлсэн гэдэг.

Гэвч Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан АТГ, ЦЕГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгаад үзтэл мань хүн ар хударгаар нь анд нөхөр, Б.Гарамгайбаатарынхаа компанид давуу эрх олгоод, ашиг хүртэцгээчихсэн байдаг. Ингээд уг хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг "Чингис”, "Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн хэрэгт шалгаж эхэлсэн.

Тухайн үед нь Н.Батбаярыг АТГ-аас яллагдагчаар татаж, прокурорын байгууллага үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байдаг. Гэтэл мань хүн "бие муу” хэмээн батлан даалтад гарчихсан байгаа юм. Энэ нь ч үнэний ортой л доо. Тодруулбал, Н.Батбаяр нь 2010 онд зүрхний титэм судасны нарийсал гэсэн оноштойгоор Сингапур улсад хагалгаанд орж, 2015 онд өвчний хүндрэлээс шалтгаалан зүрхний нээлттэй хагалгаа хийлгэсэн байдаг. Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.9-т заасан хүнд өвчтэй этгээдийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглоно гэсэн заалтын дагуу түүнийг хориогүй.

Ингэж аргацааж явсаар байтал нь олны эгдүүцэл дургүйцлыг хүргээд байсан ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ хугацаагаар түүний хэргийг хэрэгсэхгүй болгож орхисон. Монгол Улсын нэрийг барьж, дэлхийн зах зээлээс босгосон "Чингис", "Самурай" бондын 2.1 тэрбум ам.доллараар гараа угаачихсан Н.Батбаярын хэргээс мултарсан эхний арга нь энэ. Энэ талаар АТГ-аас 2019 оны арваннэгдүгээр сард "Манайхаас шүүхэд шилжүүлэх саналтай явуулаад, хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болсон гэх мэдээлэл өгсөн” гэж мэдээлж байв.  

Тэгтэл дэлхий дахинд авлигын гэмт хэргийн эздийн толгойг илээд орхидоггүй зарчимтай. Үүнд нь манай улс ч эвлэлдэн нэгдчихсэн байж. Тодруулбал, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 29 дүгээр зүйл буюу "Хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаарх зохицуулалтад "Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон аливаа гэмт хэрэгт хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг илүү уртаар тогтоох буюу хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу зохих тохиолдолд заана” гээд заачихсан байдаг.

Тиймээс өнгөрсөн өвөл УИХ-аар Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлигын гэмт хэргүүдийг сэргээн шалгах хуулийг баталсан. Үүнтэй холбоотойгоор авлига, албан тушаалын холбогдолтой 42 хэргийг сэргээн шалгахаар болсон. Эдгээрийн нэг нь мэдээж Н.Батбаярын гарын салаагаараа урсгасан их хэмжээний долларын асуудал. Ингээд арайхийн ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ хугацаагаар хэргээс мултарч явсан түүний тавилан өөрчлөгдөж, дахин хуулийн байгууллагад дуудагдах болжээ.

Н.Батбаяр гүйлгээ ухаан сайтай юм болохоороо 2020 оны дөрөвдүгээр сараас эхлээд хэргийг нь задалж, шалгаад эхэлмэгц дараагийн аргаа олсон нь энэ. Ямар ч хамаагүй аргаар УИХ-ын гишүүн болчихвол хэргээс мултарна гэж тооцоолж. Тиймээс л охиныхоо нэр дэвших квотыг хүртэл булаан Архангайг зорьсон хэрэг. Харин одоо тэр Архангайд "Гудамж” төслийг тавьсан мэтээр том дуугарч УИХ-ын гишүүн болохоор улайрч байгаа. Гэхдээ нутгийнхаа төлөө биш. Өөрөө парламентын гишүүн болж, бүрэн эрх гээчээр далайлган хэргээс мултрах гэсэн санаа. Архангайнхан ч АВЛИГА, АЛБАН тушаалын хэрэгт холбогдчихоод хариуцлагаас бултаж яваа хүнийг арай ч бас төрд залахгүй гэдгээ мэдээд байгаа юм аа. Тийм дээ ч "Авлига, албан тушаалын хэргээс мултрахын тулд төрсөн охиныхоо төрд зүтгэх гэсэн эрхийг хүртэл булаасан хүн тойрог, иргэдээ бодохгүй нь  ойлгомжтой" гэцгээж байгаа сурагтай.     

Б.Төгөлдөр

Эх сурвалж: erennews.mn