|

Энэтхэг улс газрын тосны нөөцөө АНУ-д хадгалдаг болно

Энэтхэг улс түүхий нефтийн нөөцийн зарим хэсгийг АНУ-д хадгалах төлөвлөгөөтэй байгаа тухай "Press Trust of India” агентлаг мэдээлжээ.

Энэтхэг нь газрын тосны хэрэглээ ба импортоор дэлхийд гуравдугаарт ордог улс бөгөөд саяхны газрын тосны үнэ огцом унах үеэр асар их хэмжээгээр импортлон авч нөөцөлсөн тул 5.33 сая тонн багтаамж бүхий стратегийн агуулахууд нь дүүрчээ. Гэтэл ахин 8.5 сая тонн газрын тос дэлхий янз бүрийн газар яваа усан онгоцнууд дээр тээвэрлэгдэж яваа аж. Ийм нөхцөлд Энэтхэг нь газрын тосны стратегийн агуулах шинээр байгуулна гэхэд маш их зардал гаргаж, нэлээд хэдэн жил болно.

Тиймээс АНУ-ын мэдэлд байгаа стратегийн агуулахуудыг түрээслэхэд нь зардал багатай гэж үзэж байгаа аж. Ийнхүү АНУ-д хадгалсан газрын тосоо Энэтхэг нь шаардлагын хэрээр улс руугаа тээвэрлэх эсвэл дэлхийн зах зээл дээр борлуулахаар зарцуулах боломжтой болно. Гэхдээ дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ цаашид ч буурсан хэвээр байвал Энэтхэг нь Америкт газрын тос хадгалснаар нэлээд алдагдал хүлээж магадгүй юм байна. Үүний өмнө Австрали улс нь Америкт газрын тосны зарим хэсгээ хадгалах шийдвэр гаргаад байсан юм.

Эх сурвалж: indiatimes.com