|

Ч.Содномцэрэн тэргүүтэй СЕХ-ы удирдлагуудад хэзээ хариуцлага тооцох вэ? Ерөнхийлөгчөө

УИХ-ын ээлжит сонгууль дуусаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч, дараагийн буюу Нийслэл, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үйл явц эхэлж байна.
Үүнтэй холбоотой нэгэн асуудал улс төрийн намууд, иргэд, сонгогчдын санааг зовоож буй нь "хуурамч" Ш.Гантулгын нэрээ татах хүсэлтийг хүлээн аваагүй, сонгуулийн саналын хуудсыг ажилтныхаа "Toyota pruis" маркийн машинаар зөөсөн, зарим нэр дэвшигчдийн нэрс таслалтай явсан, сонгуулийн дүн саналаа өгсөн сонгогчдын тооноос зөрсөн гээд үй олон эргэлзээтэй будлианы эзэн болсон Сонгуулийн Ерөнхий Хорооны Ч.Содномцэрэн тэргүүтэй удирдлагууд аанай л Нийслэл, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах гэж буй явдал.
Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлэх үеэрээ : "УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүний дундаас 27 нь 31 гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж байна. Гэтэл Сонгуулийн Ерөнхий хороо хууль тогтоох дээд байгууллагын сонгуулийн босго, шүүлтүүр байх үүргээ биелүүлэлгүй тэдэнд нэр дэвшигчийн үнэмлэхийг олгож, сонгогчдод эргэлзээ, төөрөгдөл үүсгэх ажлыг бас хийлээ. Монгол төрийн босгыг өндөр байлгах шалгуур тогтоогч нь Сонгуулийн Ерөнхий хороо байх ёстой юм. Гэтэл үүргээ умартсан. Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвших эрхээ авчихсан 6 нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа өрнүүлж яваад, шүүхийн шийдвэрээр тусгаарлагдан хоригдлоо.
Сонгуулийн Ерөнхий хороо үүнд ямар ч тайлбар, үйлдэл хийсэнгүй. Тэдний эс үйлдэл нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 "…Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн Ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно”, 35.2.1 "…эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорихыг хориглоно” гэж заасан нь зөрчигдсөн мэт ойлголтыг олон нийт, сонгогчдод бас төрүүллээ. Энэ бол Сонгуулийн Ерөнхий хорооны ноцтой алдаа.
Сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн сурталчилгааны туршид олон нийтийг мэдээллээр хангах үүргээ мөн биелүүлсэнгүй. Маргаантай асуудлуудад тайлбар өгсөнгүй, таг суусаар олон нийтэд асар их эргэлзээ төрүүлсээр сонгуулийг дуусгалаа. Цаашид ийм байдлаар ажиллаж болохгүй. 
 
Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага нэн даруй огцрох шаардлага үүсэж байна. 2009 оноос хойш Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага солигдоогүй байгаа нь өнөөгийн ялзрал, асар их биеэ тоосон, надад хэн хэлэх вэ гэсэн ийм хандлага үүсгэсэн байна. Үүнийг цааш нь үргэлжлүүлж, ийм арга барилаар хэрхэвч ажиллаж болохгүйг сонгуулийн энэ удаагийн явц харууллаа.
 
Сонгуулийн сурталчилгааны явцад гарсан маргаан, зөрчлүүдэд шүүх, Сонгуулийн Ерөнхий хороо тайлбар хийхгүй, шийдэхгүй байсаар өндөрлүүлдэг хэвшил тогтсон нь сонгууль шударга болж байгаа эсэхэд сонгогчид, ард иргэд эргэлзэх сэдлийг мөн өгөөд байна. Ард түмний төлөөллийн байгууллагадаа итгэх итгэлийг анхнаас нь булингартуулж, эргэлзээ үүсгэдэг энэ байдлыг таслан зогсоохоос өөр арга алга. Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага яаралтай өргөдлөө өгч, огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна." хэмээсэн юм.
Гэвч үүнээс хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн ч Ч.Содномцэрэн тэргүүтэй СЕХ-ы удирдлагуудад хэн ч хариуцлага тооцоогүй л байна.
Өчигдөр гэхэд л АН, "Та, бидний эвсэл", "ШИНЭ" эвсэл, бие даагчид УИХ-ын 2020 оны сонгууль шударга биш болсон гэж үзэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан, шаардах бичиг өгч, уулзсан билээ.
 
Монгол төрийн тэргүүний хэлсэн үг, албан шаардлага гэдэг зүгээр нэг хий хоосон яриа байх учиргүйсэн.
Сонгуулийн Ерөнхий Хороо хариуцлаггүй ажилласан гэж  дүгнэсэн Ерөнхийлөгчийн дүгнэлт бол Монгол төрийн л дүгнэлт гэсэн үг.
 
Иймээс нэн даруй Ч.Содномцэрэн тэргүүтэй СЕХ-ы удирдлагуудад хариуцлага тооцох нь айсуй сонгуулиудыг шударга явуулах гол хүчин зүйл болно.
Ч.Содномцэрэн тэргүүтэй СЕХ-ы удирдлагуудыг огцруулах асуудал хэзээ бодит ажил хэрэг болох вэ? Монгол Улсын Ерөнхийлөгчөө.
 
М.Чой
ЭХ СУРВАЛЖ: SONIN.MN