|

АН-ын бүлэг Ерөнхийлөгч Х.Баттулгад Дархан-Уул аймгийн АН-ын асуудлаар хандлаа

 

АН-ын бүлэг Ерөнхийлөгч Х.Баттулгад Дархан-Уул аймгийн АН-ын асуудлаар хандлаа

 АН-ын бүлгийнхэн Ерөнхийлөгч Х.Баттулгад Дарханы сонгогчдын эрх зөрчигдсөн асуудлаар хандлаа. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын сонгуулийн хандивын тайланг тус аймаг дахь Төрийн аудитын газар баталгаажуулаагүй учраас сонгуульд оролцох боломжгүй болсон байдаг. Тиймээс Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан гомдол гаргасан. Уг гомдлыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөл Ерөнхийлөгчид өнөөдөр өргөн барьсан юм. 

Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас гаргасан гомдолд, "Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны есдүгээр сарын 03-ны өдрийн 20 дугаар шийдвэр нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 37.7 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дэх хэсгийг зөрчсөн, Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцээгүй гэж үзэж байгаа тул энэ асуудалд анхаарлаа хандуулж, Дархан-Уул аймгийн 110 мянга гаруй сонгогч, АН-ын 10 мянга гаруй гишүүдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэлд арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.