|

Дарханы замын зорчих хэсгийг нээлээ

Дарханы замын зорчих хэсгийг нээлээ

 

Б.НАМУУНТАМИР

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалаар автозамын барилга, засварын ажил түр зогсож байгаатай холбогдуулан Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг энэ сарын 6-наас эхлэн 2021 оны авто замын барилга, засварын ажил эхлэх хүртэл түр хугацаагаар нээлээ. Дарханы замыг нээсэнтэй холбоотой Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар болон газрын дарга нар, мөн дарханы замын туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй компанийн хариуцагчид олон нийтэд мэдээлэл өглөө.

Азийн автозамын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дарханы 204.1 км замын 135.19 км нь хатуу хучилттай автозамаар зорчих бөгөөд үүнээс 65.03 км шинээр байгуулагдсан, 70.16 км хуучин хучилтаар зорчино. Харин үлдсэн 68.92 км-г цементээр бэхжүүлсэн буталсан чулуун сууриар нээсэн юм. Ийнхүү  түр замаар зорчиж машин техникээ эвдэхээс эхлээд иргэдийн амь нас эрсдэх, осол эндэгдэл буурахгүй нөхцөл байдал иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэж байсан үе ард үлдэж шинэхэн замаар эрсдэлгүй зорчих боломжийг нээгээд байгаа юм.

Цементээр бэхжүүлсэн суурь нь хоёр үетэй бөгөөд доод үе нь гурван хувийн, дээд үе нь зургаан хувь цементээр бэхжүүлсэн. Тэгэхээр дээд үе нь илүү бат бөх  даацтай юм байна. 204 км-ийн автозамын бүтцийг үзвэл жирийн буталмал чулуун суурин дээр дэвсдэг замтай харьцуулбал 600 км замын дайтай ажил хийгдэж байгаа гэсэн үг.  Цементээр бэхжүүлнэ гэдэг нь бетон биш учир шороо тоос босно. Гурван хувийн цементээр бэхжүүлсэн суурьтай замд чулуу үсрэх магадлалтай учир жолооч нар хурдаа тохируулж, зай барьж явахыг мэргэжилтнүүд сануулсаар байгаа юм. Үлдсэн 80 орчим км нь хуучин байсан асфальтан зам бөгөөд замын нүх, эвдрэлийг арчилж тордон,  дүүргэж тэгшилсэн учир эвдрэлгүй, машин донсолгоогүй явахаар болжээ. Одоо ч ажлын бэлтгэл, зам дагуух тэмдэг тэмдэглэгээг тавих зэргээр ажлууд үргэлжилсээр байна.

 

"Гүйцэтгэгч нь гэрээгээ цуцалсан ч замын бүх нүхийг нөхжээ ”

 

Зам шинэчлэлтийн ажлыг таван багцад хуваан хэрэгжүүлж байгаа бөгөөд багц-1 хэсэг Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км автозам. Уг хэсгийн барилгын ажлыг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлжээ. 108 машин, механизмтай үргэлжилж буй замын бүтээн байгуулалт 85.43 хувьтай байна. Багц-3 хэсэгт Урьханаас сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км автозам. Гүйцэтгэгч компани дөрөвдүгээр сарын 17-ноос эхэлжээ. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 69.76 хувьтай явж байна. Нийт 15.5 км хучилтыг дуусгасан бөгөөд 15.5 зм-т хучилттай камаар, 22.09 км-т зургаан хувийн цементээр бэхжүүлсэн буталсан чулуун сууриар хөдөлгөөн нээсэнтэй холбоотой бэлтгэл ажлуудыг хангаж байгаа аж. Багц-5 хэсэгт Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км автозамын ажил 70.46 хувьтай явж байна. тус багц хэсэгт нийт 12.25 км-т хатуу хучилттай аьтокамын ажил бүрэн дууссан байна. Үлдсэн 18.28 км-т зургаан хувийн цементээр бэхжүүлсэн буталсан сууриар мөн л хөдөлгөөн нээсэнтэй холбоотой бэлтгэл ажлуудыг хангаж байгаа аж.

Харин багц-2, багц-5-р хэсгийн энэ оны зам барилгын ажлыг дотоодын туслан гүйцэтгэгч компани авсан боловч гэрээг цуцулсан байна. Гүйцэтгэгч компанийн байрладаг Шинжиан мужид цар тахлын улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор гадаад ажиллах хүч Монголд орж ирж чадахгүйн улмаас наймдугаар сард гэрээ цуцлах хүсэлтээ ирүүлжээ. Ингээд тус хоёр багц ажлыг дахин сонгон шалгаруулах шаардлага гарч, АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу сонгон шалгаруулахаар бэлтгэл ажлаа хангажээ. Энэ хэсэгт гүйцэтгэгч нь гэрээгээ цуцалсан гээд хаячихаагүй,  наймдугаар сарын 15-наас далангийн өргөсгөлт, нүх засварын ажлуудыг хийсэн бөгөөд үүнд замчид сайн ажилласан гэдгийг салбарын сайд онцлов.

 

"Замын ажил 2021 онд үргэлжилж, 2022 онд дуусгах гэрээтэй”

 

Улаанбаатар төмөр замын хариуцсан384-р км-ийн автомат хаалттай гармыг хамгийн эхэнд нээсэн юм. Нэгдүгээр багцын ажил төмөр замын гармаас эхэлж 37.2 км гэрээт хугацаанаас нэг сарын өмнө ажлыг дуусгаж, хөдөлгөөнийг нээжээ.

Улаанбаатар- Дархан чиглэлийн авто зам барилгын ажлын төслийн зөвлөх, "Ай Си Ти Сайн Консалтинг” компанийн ерөнхий захирал С.Очирбат "Зураг төслийнхөө дагуу есөн метрийн өргөнтэй чанартай, сайн зам болсон. Мөн энэ замтай зэрэгцээд Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр баригдах авто замын ажил хамт хэлсэн. Энэ төслийн хүрээнд замын өргөнийг 18 метр, дөрвөн эгнээ болгох ба хоёр тийш нь өргөтгөнө. Зам барих тухайн хэсгийн тогтцоос шалтгаалан зарим газартаа нэг тал руу нь есөн метр өргөтгөнө. Зам дундаа таван метр орчим зааглах зурвастай, даваан дээр бетон зааглах зурвастай, хоёр талдаа төмөр туузан хашлагатай хашлагатай зам болно. Замын ажил 2021 онд үргэлжилж, 2022 онд дуусгах гэрээтэй байгаа. Замын хурдны дээд хязгаарыг 60 км цагаар тогтож, тэмдэг тэмдэглэгээг тавьсан боловч тооцоот хурдны дээд хязгаар 100 км цаг юм. Жолооч нар 100 км цаг хурдлахад осолгүй зорчих техникийн нөхцөлд хангагдсан. Гэрээ цуцалсан хоёр багц байгаа. Үүний 20 км-ийг гүйцэтгэгч компани нь хуулчихсан. Үүнээс болоод зорчиход хүндрэлтэй машины дугуй хагарах, чулуу үсрэх зэрэг эрсдэл их гарч байсан. Тэгэхээр үүнийг тал хувийг нь цементээр бэхжүүлж, талыг нь нарийн ширхэгтэй хайргаар хучаад хуучин асфальтуудын нүхийг бүгдийг нь нөхөөд машин энхэл донхолгүй замаар явахгүй болгосон. Өвлийн улирал эхэлж байна. саяхан орсон цаснаас үүдэн зарим даваануудын хөдөлгөөн хаагдаад байсан. Тиймээс энэ өвөл зам дагуух арчилгааг хийх техник механизм, хяналт тавьж ажиллах ажилчид бэлтгэлээ хангаад байна. Тээвэрчид жолоочид хурдаа тааруулаад, зай барьж явахыг анхааруулъя” гэлээ.

 

"Хөдөлгөөнийг нээсэн нь зам бүрэн дууслаа гэсэн үг биш”

 

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Дарханы замын хөдөлгөөнийг нээсэн нь зам бүрэн дууслаа гэсэн асуудал огт биш. Үүнийг иргэд жолоочид анхаарах ёстой. Гурван хувийн цементээр бэхжүүлсэн хэсэг нээгдсэн. Хараахан хучиж амжаагүй. Дарханы зам хөдөлгөөний эрчимжил ихтэй зам. Тиймээс хучиж амжаагүй зам дээр жолоочид хоорондын зайг барих, 60 км цагаас илүү хурдтай явж болохгүйг анхаараарай. Замын бүтээн байгуулалт орой энэ жил оройтож эхэлсэн ч харьцангуй сайн ажиллалаа.

Дарханы зам эхний ээлжинд Азийн хөгжлийн банкны төслөөр одоогийн замыг сайжруулах нэг төсөл байна. Энэ төслийн хүрээнд хуучин замынхаа даланг өргөсгөж, осол их гардаг есөн хар цэгийг шулуутгах, гүүр хоолойнуудыг шинэчлэх ажил хийнэ. Дараагийн ажил нь Европын сэргээн босголтын хөгжлийн банкны  санхүүжилттэй дөрвөн эгнээ зам юм. Аравдугаар сарын сүүлчээр бид ЕСБХБ-ны тендерт шалгарсан таван компанитай гэрээ байгууллаа. Энэ өвөл бэлтгэл хангана, зарим ажлуудыг хийнэ. Тэгэхээр хоёр эгнээ замын ажил 2021 оны гуравдугаар сард эхэлнэ гэж ойлгож болно. Газрын хэвлий, бартаа, газар чөлөөлөлтийн асуудлаас хамаарч зураг төслийн дагуу хоёр эгнээ зам зарим үед хоёр талаар, заримдаа баруун талаар, заримдаа зүүн талаар нь явахаар байна. Тэгээд эцсийн үр дүн Налайхын зам шиг голоороо тусгаарлах зурвастай, хоёр талаараа туузан хашлагатай, Монгол Улсын түүхэнд хотуудын аймгийн төвүүдэд холбосон анхны дөрвөн урсгалтай замыг нээх гэж чармайж байна” гэдгийг онцоллоо.

Замын цагдаагийн газартай хамтраад дээд хурд нь 60 км цагийн хурдтай энэ замаар зорчих нөхцөлтэйгөөр замаа нээж байгаа аж. Автозамын зарим хэсэгт асфальтбетон хучилтгүй учраас хурд хэтрүүлэхгүй байх, чулуу үсрэх эрсдэлтэй тул зай барихыг Зам тээврийн хөгжлийн яам болон Тээврийн цагдаагийн албанаас анхааруулга гарган 22-ийн товчооноос гарах хэсэгт анхааруулгын хуудсыг  жолооч бүрт тарааж байлаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин