|

Түлээ, нүүрс шуудайгаар худалдах тогтсон үнэ бий

 

Түлээ, нүүрс шуудайгаар худалдах тогтсон үнэ бий

 

Гэр хорооллын айл, өрхүүдэд түлээ, нүүрс борлуулах 33 цэг Дархан суманд бий. Зарим цэгт нүүрс үнэтэй байгаа талаар иргэд гомдол, санал гаргасан бөгөөд үүнд Дархан сумын Засаг даргын орлогч Д.Батбаяр мэдээлэл өгсөн юм.

Дархан суманд түлээ, нүүрс худалдаалах үнийг тогтоосон. Тодруулбал нүүрс нэг шуудай нь 5000, мод 3000 төгрөгөөс дээш үнээр худалдахгүй гэдгийг тодотголоо. Хэрэв тухайн заасан үнээс дээш борлуулсан тохиодолд торгуулийн арга хэмжээ авах ажээ. Өмнө нь иргэд өөрсдийн автомашинаараа нүүрс тээвэрлэж худалдаалдаг байсан бол бүх нийтийн бэлэн байдлын хатуу хөл хорионы үед зогссон. Учир нь "Шарын гол” ХК бүх нийтийн бэлэн байдлын үед хувь иргэдэд нүүрс олгохгүйгээр шийдвэрлэсэн бөгөөд гэрээт 3 компанидаа уурхай руу нэвтэрч нүүрс тээвэрлэх зөвшөөрөл олгожээ.

Харин эдгээр 3 компанийн нэг нь Дархан суманд үйл ажиллагаа явуулж, борлуулалт хийдэг бөгөөд нэг тонн нүүрсийг 120 мянган төгрөгөөр тооцож байгаа аж. Энэхүү тооцоо, судалгаагаа тухайн компани танилцуулж, холбогдох албаныхан зөвшөөрч Дархан сумын нүүрс борлуулах цэгүүдэд түгээх эрхийг олгожээ. Тиймээс шуудайгаар түлээ, нүүрс борлуулдаг иргэдэд өндөр үнээр бус тээврийн хөлс, шатахууны зардал нэмэгдсэн ханшаар нүүрс худалдан авч байгаа болохоор шуудай нүүрс 5000 төгрөгөөс илүү үнээр худалдаалахгүй байхыг зөвлөжээ.