|

УИХ-ын гишүүн Б.Жавхлан цар тахлын голомттой бүсээс Дарханд очиж маск тараажээ

 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан цар тахлын голомттой бүсээс Дарханд очиж маск тараажээ

 

УИХ-ын чуулганы өчигдрийн /2020.12.04/ хуралдаанд бие даагч гишүүн Н.Алтанхуягтай жорлонгийн асуудлаар хэрүүл хийж суусан УИХ-ын гишүүн Б.Жавхлан өнөө өглөө Дархан хотод давхиж очсон талаарх мэдээлэл тус аймгийн DBS телевизийн цахим хуудаст нийтлэгджээ.

Уг нь Улсын Онцгой комисс нийслэлийг цар тахлын халдварын голомттой бүс хэмээн үзэж хатуу хөл хорионы хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжлүүлэн сунгачихаад байгаа.

Гэтэл УИХ-ын гишүүн Б.Жавхлан цар тахлын халдварын голомт болсон нийслэл Улаанбаатар хотоос Дархан хотод давхиж очин маск тараасан байна.

Энэ талаар Дархан хотын DBS телевизийн цахим хуудаст, "Аймгийн Онцгой комиссын хурал 2020.12.05-ны өдрийн12:00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд эхэллээ. Тус хуралд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан оролцож байна. Тэрээр аймгийн Онцгой комиссын гишүүдэд зөв зохион байгуулалттай ажиллаж байгаад нь талархал илэрхийлж, 200 өрхөд хүргэх Хүнсний тусламжийн багц, 3 вагон нүүрс буюу 180 тн нүүрс, Хамгаалалтын хувцас 300ш, Амны хаалт 180.000 ш, Нүүрний хаалт 200ш, Нүдний шил 500ш, Санитал гар ариутгагч 3 хайрцгийг аймгийн Онцгой комисст хандивлав” хэмээн мэдээлжээ.

УИХ-ын гишүүдийн зүгээс сонгогдсон тойрогтоо хандив тусламж үзүүлж байгаа. Гэсэн ч тэд Б.Жавхлан шиг өөрийн биеэр заларч хандив тусламжаа гардуулаагүй. Учир нь цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих үүднээс тухайн орон нутагт ажилладаг бие төлөөлөгчид нь гишүүдийн тусламжийг холбогдох хүмүүст нь гардуулж байгаа гэх юм билээ.

Гэтэл УИХ-ын гишүүн Б.Жавхлан хатуу хөл хорионы үеийн онцгой нөхцөл байдлыг үл тоож цар тахлын голомттой бүсээс өөр нэг голомттой бүс нутаг руу давхиж очин өөрийн биеэр хандив тусламж үзүүлж байгаа нь хэр зохимжтой үйлдэл юм бол. Энэ бүхнээс харвал Улсын онцгой комиссын шийдвэр энгийн иргэдэд нэг өөрөөр, их хурлын эрхэм гишүүн Б.Жавхлан мэтийн хүмүүст нэр төдийхнөөр үйлчилдэг байж болзошгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN