|

"Сэмжид Хужирт"-д амарсан Дархан-Уулын 3 иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ

 

"Сэмжид Хужирт"-д амарсан Дархан-Уулын 3 иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ

 

Өвөрхангай аймгийн "Сэмжид Хужирт" рашаан сувилалд амарсан гурван иргэнээс коронавирусний илэрлээ. Тодруулбал өнөөдөр 16.00 цагийн орчим Өвөрхангай аймгийн ЭМГ-аас сэжигтэй тохиолдол байж болзошгүй талаарх мэдээллийг аймгийн ЭМГ-т мэдээлэл өгсөн байна.

Энэ дагуу Өвөрхангай аймгийн "Сэмжид Хужирт" сувилалд амраад ирсэн 17 иргэнд коронавирусний PCR шинжилгээ хийхэд 19.30 цагийн байдлаар эхний 3 иргэний шинжилгээ эерэг гарчээ. Энэ дагуу аймгийн Онцгой комисс хуралдаж мэдээлэл хийлээ.

Батлагдсан гурван тохиолдлын хоёр нь Шарын гол сумын иргэн бол нэг нь Дархан сумын иргэн аж. Эдгээр иргэд энэ сарын 21-22-нд шилжих шөнө Дарханд ирсэн бөгөөд нэгдүгээр болон дам хавьтагчдын тандалт судалгааг мэргэжлийн байгууллагууд илрүүлэхээр ажиллаж байна. Ойрын хавьтлуудыг гэрт нь тусгаарлан нарийвчилсан шинжилгээ хийх чиглэлийг аймгийн Онцгой комиссоос өгсөн аж.

Дээрх гурван иргэнийг Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлах, эмчлэх  ажлыг өнөө шөнөдөө багтаан эхлүүлнэ. Нөхцөл байдалтай холбоотойгоор Шарын гол сумыг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын шар түвшинд шилжүүлэн, тус сум руу орох болон гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар бүрэн хязгаарлахаар шийдвэрлэлээ.

Аймгийн онцгой комиссын оройны хурлаар Шарын гол суманд нийтийг хамарсан үйл ажиллагаа, хурал, зөвлөгөөн, тоглоомын төвийг хаахаар болсон бол Дархан суманд ямар нэгэн үйл ажиллагаа зогсоох, хязгаарлах шийдвэр гаргаагүй юм.

"Сэмжид Хужирт" рашаан сувиллаас ирсэн үлдсэн 14 иргэний шинжилгээний хариу одоогоор гараагүй байна. Маргааш аймгийн Шуурхай штабаас мэдээлэл хийх ажээ.