|

Дархан-Уул аймагт ЕБС-ийн сурагчдаас коронавирус илэрчээ

 

Дархан-Уул аймагт ЕБС-ийн сурагчдаас коронавирус илэрчээ

 

Дархан-Уул аймгийн Онцгой комисс хэсэгчлэн хуралдаж, ковидын нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийлээ. /2021.03.30/

Дархан-Уул аймагт сүүлийн 24 цагт нийт 377 сорьцод шинжилгээ хийхэд 3 хариу ЭЕРЭГ гарч, Ковид-19-ийн халдварын шинээр батлагдсан тохиолдол 58 боллоо.

Сүүлийн тохиолдлууд бүгд тусгаарлалтад байсан иргэд бөгөөд нэгнийх нь 7 дахь хоногийн давтан шинжилгээнд халдвар илэрлээ. Ерөнхий боловсролын 15, 9, "Од" цогцолбор сургуулиудаас 2 сурагч, 1 багш хавьтал болж, халдвар авсан байна. Халдвар авсан сурагчдын ангийхан болон багш нарыг шинжилгээнд хамруулах, тандалт судалгааг зохион байгуулж байна.

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавтлын 972 хүн тусгаарлалтад байна. Үүнээс гэрийн ажиглалтад 760, ажиглан тусгаарлах байранд 212 хүн байна. Тухайн иргэдийг хугацаанд нь шинжилгээнд хамруулаад явж байна. Гарч байгаа халдваруудын эх уурхайг тандалт судалгаагаар бүрэн тогтоосон. Тогтоогдсон 4 голомтын нэг нь Өвөрхангай аймгийн "Сэмжид-Хужирт” сувилалаас үүдэлтэй. Мөн Улаанбаатар хотоос гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш ирээд буцсан халдвартай иргэн түүнээс үүдэлтэй 3 голомт байна.

ОУХТөвийн халдварын хавьтал, хамрах хүрээ их байна. Иймд тус төвийн хүнсний ногооны тасаг, 2-р давхарын хойд хэсэгт байрлах бэлэг дурсгал, хөнжил гудас худалдан борлуулдаг лангуугаар 3-р сарын 15-ны өдрөөс хойш үйлчлүүлсэн иргэд 9940-1885, 8803-5272, 9902-0488 дугаарын утсаар холбогдох шаардлагатай байна. Хариу арга хэмжээний хүрээнд ОУХТ-ийн түрээслэгч 353 хүнээс PCR шинжилгээ авахад бүх хариу СӨРӨГ гарсан. Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр бүх түрээслэгчдийг ахин PCR шинжилгээнд хамруулж гарсан хариунд үндэслэн тус худалдааны төвийн үйл ажиллагааг нээх эсэх шийдвэрийг АОК-оос гаргана.

Өнөөдрийн байдлаар эмчлэн тусгаарлах байранд 100 ор нээсэн. Нийт 58 иргэнд ковидын эмчилгээ хийж байна. Ахмадын Геранталогийн төвийг эмчлэн тусгаарлах байр болгон бэлтгэж 30 ор нэмж нээх үүргийг холбогдох албаныханд өгөөд байна.

0-18 хүртэлх насны хүүхдүүдийг гудамж талбайд тоглуулахгүй байх, нийгмийн үйлчилгээнд оруулахгүй байхад багш, эцэг эхчүүд болон эргүүлээр ажиллаж буй төрийн албан хаагчдыг хараа хяналтаа илүү сайжруулахыг АОК-оос үүрэг болголоо.

 
Ковид-19-ийн эсрэг вакцинд өнөөдрийн байдлаар 1600 орчим хүн хамрагсан. Эрүүл мэндийн ажилчдын 90 хувь нь, Цагдаа, Онцгойгийн албан хаагчид дархлаажуулалтад хамрагдаад байна. Ирэх 7 хоногт вакцин ахин ирнэ. Төлөвлөгөө судалгааны дагуу зорилтот бүлгийн иргэдээ дархлаажуулалтад үе шаттай хамруулаад явна.