|

Ширээ нурууны дэлгүүрүүдэд нөөцийн мах, хүнсний ногоо нийлүүлэлт хомс байна

 

 

Ширээ нурууны дэлгүүрүүдэд нөөцийн мах, хүнсний ногоо нийлүүлэлт хомс байна

 

Энэ сарын 18-наас эхлэн аймгийн Онцгой комиссоос зургаа хоногийн хатуу хөл хорио тогтоосон. Ширээ нуруу буюу Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн нутаг дэвсгэрт хүнс тээвэр саадгүй нэвтэрч байгаа ч түгээлт хийх цагуудад багтаж хүнс ирэхгүй тохиолдол байна. Тухайн багийн нийт өрхийн 80 гаруй хувь нь Дархан сумын харьяат иргэд юм.


Иргэд Дархан сумын нутаг руу нэвтэрч хүнс, ахуйн хэрэглээгээ авч чадахгүй байгаа аж. Гурван хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өдөрт нэг удаа ирэх хүнс түгээлтийн бараа өдрийн хагаст дуусдаг гэж худалдаа эрхлэгчид хэлж байлаа.

Дэлгүүрийн лангуу бараатай хэдий ч хатуу хөл хорионы үед иргэдийнгол нэрийн хүнсний бүтээгдэхүүн хомс байв.

Нөөцийн мах тасарсан, хэзээ нийлүүлэлт хийхийг мэдэгдэхгүй хоёроос гурав хонож байгаа аж. Гэхдээ нөөцийн махны нийлүүлэлт өнгөрсөн долоо хоногоос эрс сайжирсан гэж тэд мэдээлж байгаа ч бодит байдал дээр хомсдолтой байлаа.

Иргэд төмс, хүнсний ногоо, нөөцийн мах, нарийн ногоо, талх, нарийн боов, хэрчсэн гурил түлхүү худалдаж авдаг, бусад чихэр жимсгэнэ, амтат барааны гүйлгээ бараг хийгдэхгүй байна гэж худалдаа эрхлэгчид онцолж байлаа.

Аймгийн Онцгой комиссоос гаргаж буй шийдвэр оновчтой, иргэд үүнийг дагаж мөрдөж байгаа ч хүнсний бараа түгээлтийн цагийг нэмэгдүүлэх, нөөцийн махыг хурдан худалдаанд нийлүүлэх, төмс, хүнсний ногоо дэлгүүрүүдэд түгээх шаардлагатай гэлээ.

 

Хэрчсэн гурил үйлдвэрлэгч Ж.Мөнхбаатар Дархан сумын 18 багт түгээлт хийдэг. Гэрээт дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ түгээхэд цагтаа амжихгүй, зарим тохиолдолд захиалгыг нь хүргэж өгч чадахгүй байна гэв.

Хүнс түгээлт хүргэх цаг 09:00-12:00, 16:00-18:00 цагийн хооронд явах зөвшөөрөлтэй. Алслагдсан багийн захиалга 18:00 цагтай зэрэгцэн хүргэж байгаагаа ч учирлаж байлаа.

Тэрээр 17:54 цаг гэхэд сүүлээсээ хоёр дахь захиалгаа хэрэглэгчдэд нийлүүлж байхад нь бид таарсан. Буцаад гэртээ харихад түгээлт хийх цаг дууссан байна. Иймд нэгэнт зөвшөөрөл авч түгээлт хийж байгаа тохиолдолд цагийн хуваарийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.