|

Эрүүл мэндийн тусламж авах иргэдэд сайн дураараа үйлчилж байна

 

 

 

Дархан сумын хэмжээнд хатуу хөл хорио тогтоож, Нэгдсэн эмнэлэгийн тасгуудыг хувийн эмнэлэг рүү шилжүүлсэн. Харин амбулаторийн үзлэг хэвийн үргэлжилж байна. Энэ өдрүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эмнэлэгт хэвтэх, эмнэлгээс гарч буй болон амбулаториор үйлчлүүлэх иргэдэд JCI Дархан салбарын залуучууд сайн дураараа үйлчилж байна. Тодруулбал тус байгууллагын долоон гишүүн өөрсдийн хувийн машинаараа Дархан сумын 18 багийн жирэмсний хяналтад буй, боолт хийлгэх, аппаратын эмчилгээнд ордог, эмнэлэгээс гарч буй иргэдийг өдөр бүр гэрээс нь авч эмнэлэгт хүргэж өгөх үйлчилгээ үзүүлж байна.

Харин яаралтай түргэн тусламжийн тасаг үндсэн чиглэл үүргийнхээ дагуу ажиллаж байгаа аж. Хатуу хөл хорио тогтооосонтой холбогдуулан иргэд хувийн машинаараа зорчих боломжгүй болсон учраас эмчид үзүүлэх, эмнэлгээс гарах, төрсөн эхэд хоол, цай хүргэж байгаад иргэд талархалтай байна.


 

Өнгөрсөн оны 11 дүгээр сард аймгийн хэмжээнд тэг зогсолт хийхэд JCI Дархан салбарын гишүүд мөн дээрх үйлчилгээг үзүүлж байсан юм. Тэд өдөр нийт 60-80 иргэнд үйлчилдэг. Сайн дураараа үйлчилгээнд явж буй гишүүдтэй холбогдох утасны дугаарыг яаралтай түргэн тусламжийн тасгаас иргэд авч хаягаа хэлж үйлчилгээгээ авч байна. Халдвар хамгааллын дэглэмийг баримтлан автомашин дотроо тусгаарлалтын хаалт хийсэн, нэг удаагийн бээлий, халдвар хамгааллын хувцас, витаминаар хангах, хоёр өдөр нэг удаа автомашины ариутгал хийх ажлыг Нэгдсэн эмнэлэг хангаж байгаа бол шатахууныг өөрсдөө хариуцаж байгаа ажээ. Дархан сумын хэмжээнд тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг цаашид сунгахаар бол үйлчилгээ үзүүлж буй гишүүдтэйгээ ярилцаж байгаад үргэлжлүүлэх эсэхээ шийднэ гэж JCI Дархан салбарын 2020 оны ерөнхийлөгч П.Ганболд мэдэгдлээ.