|

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан "Хөгжлийн төв" баригдаж байна

 

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан "Хөгжлийн төв" баригдаж байна

 

Монгол Улсын Засгийн газар Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл” -ийг хэрэгжүүлж байгаа.

Тус төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, тэдний бие даан амьдрах чадварыг дээшлүүлэх, мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь төслийг хэрэгжүүлэгч гол яам бөгөөд тус яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь төслийг хариуцан хэрэгжүүлэгч газар аж. Төслийн хоёр дугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Дорнод, Ховд, Дархан-Уул, Архангай, Хөвсгөл болон Дундговь гэсэн зургаан аймагт түгээмэл хөгжлийн загварыг баримталсан, орон нутгийн барилгын дүрэм, журам, стандартыг тусгасан, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, зоорины давхартай, нэгээс хоёр давхар бүхий 1950 м2 талбайн хэмжээтэй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Хөгжлийн төв барихаар төлөвлөгджээ.

 

Уг төвийн барилгын ажил Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт энэ сарын 5-аас эхэлсэн бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 15-нд ашиглалтад орох ажээ. Гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын "Боршоон ундраа” ХХК ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар барилгын ажил 10 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.