|

Нефтийн ханш өссөнөөс Монголд шатахууны үнэ нэмэгджээ

 

 

Нефтийн ханш өссөнөөс Монголд шатахууны үнэ нэмэгджээ

 

Монголчуудын өргөн хэрэглэдэг АИ92 шатахууны үнэ өчигдрөөс зарим шатахуун түгээх станцуудад литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэж, 1750 төгрөг болсон. Монголд шатахууны үнэ нэмэгдэх нь ердөө цаг хугацааны асуудал гэдгийг өмнө нь албаны хүмүүс онцолж байсан.

Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр олон улсад шатахууны үнэ өсч байгаа ч дотооддоо шатахууны үнийг барих гэж хичээж байгааг мэдэгдсэн. Түүнчлэн тэрбээр шатахууны үнэ огцом өсөхгүй ч цаашдаа өсөх болно гэдгийг ч анхааруулж байв.

Монголын шатахуун түгээх станцууд ч олон улсад газрын тосны үнэ нэмэгдэж байхад цар тахлын үед үнээ тогтвортой барьж байв. Гэвч удаан хугацаагаар алдагдалтай ажиллаж чадахгүйд хүрч, шатахууны үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрсэн аж.

Олон улсын зах зээлд газрын тосны үнэ энэ оны эхний хагас жилд 45 хувиар өсч, нэг баррель нь 80 ам.долларт дөхөж байна. Брент нефтийн ханш өчигдөр/2021.07.02/ баррель нь 75.76 ам.доллар болж, өмнөх өдрийнхөөс 0.11 орчим хувиар нэмэгджээ.