|

Бензиний үнийг 100 төгрөгөөр буурууллаа гээд Засгийн газрын нэр хүнд өсөхгүй

 

Бензиний үнийг 100 төгрөгөөр буурууллаа гээд Засгийн газрын нэр хүнд өсөхгүй


Шатахууны үнийн өсөлт олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан учир Засгийн газраас шатахууны үнийг 100 төгрөгөөр буулга хэмээн нефт импортлогч компаниудыг шахаж эхэлжээ. Гэвч А-92 бензиний цаанаас орж ирж буй өөрийн өртөг 2070 төгрөг орчим болоод байгаа бөгөөд хэрэв 100 төгрөгөөр буулгасан тохиолдолд 1950-1970 төгрөгөөр зарагдаж, литр тутамд 100-120 төгрөгний алдагдал хүлээх юм.

Шатахууны үнэ 100 төгрөгөөр хүчээр буурууллаа гээд үндсэндээ хэнд ашигтай вэ? Олон нийтийн бухимдал лав буурахгүй, харин ч Засгийн газар нь ч эргэж буцсан, шийдвэрээ гаргаж чаддаггүй мэт харагдана. Шатахууны үнэ 100 төгрөг буурлаа гээд нэгэнт өссөн юмны үнэ буцаж буурахгүй. Харин ард иргэд төр засагтайгаа хэрэлдэж байх зуур шатахууны импортын компаниуд дампуурлын ирмэгт тулж, шатахууны хомстол үүсэх болно. Хэрэв шатахууны хомстол үүсвэл Засгийн газрын нэр хүнд одоо байгаагаас ч илүү унах аюултай.


ОПЕК-ийн мэдээллээр бол 2022 оны 9-р сар хүртэл нефтийн үнэ буурахгүй, харин ч өсөх хандлагатай байна. Манайд ч энэ хандлага хадгалагдана. Одоо хүчээр 100 төгрөгөөр буурууллаа гэхэд магадгүй сарын дараа бүр 200 төгрөгөөр ч өсөх аюултай бөгөөд энэ нь ард иргэдийг улам их бухимдуулах юм. Аль ч талаасаа харсан одоо өөх ч биш булчирхай ч биш 100 төгрөгөөр шатахууны үнэ бууруулах нь ард иргэдэд ч, Засгийн газарт ч, нефтийн компаниудад ч огтоос ашиг тусгүй шийдвэр юм.

Н.Галт