|

Бичиг баримтаа мартах, дутуу авчирах тохиолдол гарч байна

 

 

Бичиг баримтаа мартах, дутуу авчирах тохиолдол гарч байна

 

Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар хоёр дахь өдрөө хими, газар зүй, нийгэм судлалын хичээлээр үргэлжилж байна. Өчигдөр болон өнөөдрийн байдлаар шалгалт өгөхөөр ирсэн зарим шалгуулагчид бичиг баримтаа орхисон тохиолдлууд гарч байгааг аймгийн БСУГ-аас мэдээллээ. Тодруулбал нийт дөрвөн төрлийн бичиг баримтаас зөвхөн нэг буюу иргэний үнэмлэхтэйгээ ирсэн тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Тухайн шалгуулагч нь өөрийн хариуцлагагүй байдлаасаа үүдэн зохион байгуулагч багш нарт багагүй хүндрэл учруулж байна.Шалгуулагчийн бичиг баримтыг бүрдүүлэх, хэвлэх суудлын хуваарийг олгох зэрэг хүндрэлүүд хувь хүний хариуцлагагүй байдлаас үүдэн гарч байгааг анхаарууллаа.

Нийт 1411 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэний 288 нь өмнөх оны төгсөгч аж. Дээрх зөрчлүүд өмнөх оны төгсөгчдөөс гарч байгаа нь аливаад хариуцлагагүй хандаж байна гэж Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн онцолж байна. Түүнчлэн шалгалтад оролцсон ч хариултынхаа хуудсыг бөглөхгүйгээр дэвтэрт бичиж өгсөн тохиолдол гарсан аж. Энэ нь хэдий шалгалт өгсөн ч хариултын хуудас бус өөр дэвтэрт бичсэн учир дүн нь тэг гарч аймгийн нийт дүн мэдээлэлд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй аж. Тиймээс ЭЕШ өгч буй шалгуулагчид бичиг баримтаа бүрэн авчирах, зөвхөн хариултын хуудсаа бөглөх зэрэгт анхаарах хэрэгтэйг БСУГ-аас зөвлөж байна.

Энэ жил ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн 1411 шалгуулагчийн 1017 нь математикийн хичээлээр, нийгмийн ухааны хичээлээр 840, англи хэлний хичээлээр 837, монгол хэлний хичээлээр 456,газарзүйн хичээлээр 17, орос хэлний хичээлээр 18, монгол улсын түүх хичээлээр 41, биологийн хичээлээр 226, химийн хичээлээр 241, физикийн хичээлээр 432 шалгуулагч, нийт давхардсан тоогоор 4135 хүүхэдхамрагдаж байна.

 

Түүнчлэн энэ удаагийн шалгалт "КОВИД-19” халдварын үед болж байгаа учир шалгалтын байруудад тусгаарлах танхим бэлдэж, халдвар хамгааллын дэглэмийг сахиж, 2 цаг тутам анги танхимын халдваргүйжүүлж, шалгалтыг зохион байгуулж байна.Мөн"КОВИД-19”–ийн халдвар авч, тусгаарлагдсан шалгуулагчдаас есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд элсэлтийн шалгалтыг авахаар төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна.