|

Халх гол болон хилийн тулгаралтад оролцож байсан ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэв

 

 

Халх гол болон хилийн тулгаралтад оролцож байсан ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэв

 

Зэвсэгт хүчний 100 жил, чөлөөлөх дайны ялалтын 76 жил, Дархан хотын 60 жил, Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан  ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ. Тодруулбал 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 оны Улсын баруун хилийн тулгаралтад оролцсон гурван ахмад дайчинд аймгийн удирдлагууд, Цэргийн штаб, Төрийн цэргийн байгууллагын албан хаагчид Халхын голын байлдаанд оролцсон дөрөвдүгээр морьт хорооны байлдааны улаан тугийг залж гэрт нь очиж хүндэтгэл үзүүлсэн юм.


Цөөхүүл хөгжмийн улсын уралдааны тэргүүн байрын шагналт Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн хөгжмийн салаа уг арга хэмжээнд оролцсон бөгөөд эхний хүндэтгэл ахмад дайчин бол Халхын голын байлдаан, улсын баруун хилийн тулгаралтад оролцож явсан Д.Шагдар гуай юм.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн оршин суугч ахмад дайчин Дэлгэрдоржийн Шагдар гуай 1939 оны Халхын голын байдлаан, 1940-1948 оны Улсын баруун хилийн тулгаралтад оролцож, халуун амиа үл хайрлан эх орон ард түмнийхээ төлөө эрэлхэгээр тэмцсэн олон мянган цэрэг эрсээ эмчлэн сувилж байсан аж. Хүйтэн дайны он жилүүдэд эрчүүдтэй мөр зэрэгцэн тулалдаж эх орон, ард түмнийхээ төлөө түүхэн гавъяа байгуулсан ахмад дайчин эдүгээ 100 насыг насалсан ч ухаан санаа цэлмэг, үр хүүхдүүдийнхээ хамт энх тунх амьдарч байна. Тэрээр дээрх он жилүүдэд гурван дайсан устгаж, нэг дайсныг олзолсон тухайгаа хуучилж байлаа.


Дараагийн хүндэтгэл үзүүлсэн ахмад айдчин бол 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон Д.Чулуун гуай юм.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн иргэн ахмад дайчин Должингийн Чулуун гуай 1940-1948 оны Улсын баруун хилийн тулгаралтад оролцсон аж. Эх орны хүү, ард түмний баатар болсон эрхэм ахмад дайчдынхаа байгуулсан гавъяаг хойч үеийнхэн бид мартах учиргүй. Өдгөө 99 настай  Д.Чулуун гуай үр хүүхдүүдийнхээ хамт энх тунх амьдарч байна.

Хүндэтгэл үзүүлсэн сүүлийн ахмад дайчин бол Батсүхийн Шагдар гуай юм.


1945 оны чөлөөлөх дайнд оролцсон Дархан-Уул аймагт эдүгээ үр хүүхдүүдийнхээ хамт энх тунх амьдарч 100 насыг шүргэж яваа гурван ахмад дайчин бий. Тэдний нэг Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн иргэн ахмад дайчин Батсүхийн Шагдар юм. Ахмад дайчин Б.Шагдар гуай 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож амь биеэ үл хайрлан өнөөдрийн энх цагийн эх орноо хойч үедээ өвлүүлснээрээ цаг ямагт бахархан суудаг хэмээн ярьж байлаа.