|

Үнэ нь өсөөгүй бараа, бүтээгдэхүүн алга

1

Улсын хэмжээнд өнгөрсөн сард инфляц 2020 оны мөн үеийнхээс 13.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Энэ нь өргөн, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэг жилд ийм хувиар нэмэгдсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 10 000 төгрөгөөр худалдан авч байсан бүтээгдэхүүнд бид 11 340-ийг төлж эхэлжээ. Гэтэл бодит байдалд дийлэнх бараа, үйлчилгээний үнэ 10 гаруй хувиар нэмэгдээд тогтсонгүй. Багадаа 30, ихдээ 100 хувиар өссөн жишээ олон байна. Энэ талаар сурвалжиллаа.

2

Баянгол дүүргийн XVIII хороонд байрладаг "Баянгол” зах руу уржигдар оров. Тус захад нэг жилийн хугацаанд хамгийн өндөр дүнгээр нэмэгдсэн бараанд ургамлын тос, нарийн ногоо, цаасан бүтээгдэхүүн багтсан бол үнэ нь өсөөгүй зүйл байхгүй аж. Баянгол захад лангуу түрээслэгч Г "Би голдуу импортын бараа зардаг. Миний борлуулж буй бүтээгдэхүүнээс нэг жилийн хугацаанд үнэ өсөөгүй нэг ч зүйл байхгүй. Төрөл бүрийн цай, гоймон, будаа болон жимсний шүүс, ургамлын тосны үнэ нэмэгдсэн. Тодруулбал, нэг литр ургамлын тосны үнэ өдгөө дунджаар 7000 төгрөгт хүрсэн. Бүр 9000-аар борлуулж буй нь ч байна. Гэтэл жил гаруйн өмнө л 5000 орчим төгрөгийн үнэтэй байв. Түүнчлэн ОХУ-аас оруулж ирдэг будаа төрлөөсөө шалтгаалан нэг кг нь 5500-7500 төгрөгт хүрсэн. Гурвалжин будааны үнэ жилийн хугацаанд кг тутамдаа дунджаар 3000-3500-гаар нэмэгдэн, 7000-7500 төгрөгт хүрсэн” гэлээ. Тэгвэл дээрх захад ахуйн болон ариун цэврийн бүтээгдэхүүн борлуулагч М "Амны болон ариун цэврийн цаасны үнийг өнгөрсөн арванхоёрдугаар сард дахиад нэмсэн. Жишээлбэл, "Kleenex” брэндийн салфетик 3000-аас нэмэгдэн 3500-4000 төгрөг боллоо. Хамгийн хямдавтар буюу 20 ширхэг нь 20 000 төгрөгөөр борлуулагдаж байсан ариун цэврийн цаасны үнэ нэг сарын хугацаанд 25 000-д хүрэв. Мөн бүх барааны олдоц ховор, хязгаартай тоогоор нийлүүлж буй. Энэ нь Эрээн-Замын-Үүдийн боомтын ачаа тээврийн саатлаас үүдсэн гэсэн. Ер нь бүтээгдэхүүн хомсдоход үнэ нь өсдөг бичигдээгүй хууль манай улсад бий шүү” гэсэн юм

3

Түүнчлэн архи, шар айраг, зарим дарсны үнэ ч сүүлийн гурван сард нэмэгдсэн юм байна. Согтуурах болон бусад төрлийн ундааны бөөний төв ажиллуулдаг Ц "Дотоодод үйлдвэрлэдэг бүх төрлийн архи, шар айрагны үнэ шил, лааз тутамдаа нэг жилд 300-1000 төгрөгөөр нэмэгдсэн. Ер нь 2021 онд улирал тутамд л хэдэн төгрөгөөр өсгөсөн гэсэн үг. Түүнчлэн энэ он гарснаас хойш буюу сүүлийн 14 хоногт зарим төрлийн цэвэр ус, ундааны үнэ ширхэг тутамдаа 30-50 төгрөгөөр өслөө. Үүнээс гадна нийлүүлэлт нь буурсан. MCS компанийн үйлдвэрлэдэг зарим ундаа огт үзэгдэхээ байлаа” гэсэн юм.

Удахгүй Цагаан сар болно. Хэдийгээр айл өрхүүдийг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байхыг албаныхан уриалж буй ч идээ, шүүс бэлтгэх хүн цөөнгүй байна. Баянгол дүүрэг дэх "Барс” худалдааны төвд үйлчлүүлж байсан өндөр настан Г.Билигттэй өнгөрсөн бямба гарагт ийн ярилцав.

-Танайх Цагаан сар тэмдэглэх үү. Коронавирусийн тархалтаас сэргийлэх зорилгоор баярыг аль болох өргөн хүрээнд тэмдэглэхгүй байхыг уриалж байгаа шүү дээ.

-Манайх дөрвөн хүүхэд, 12 ач, зээтэй айл. Гадаадад олон жил амьдарч байгаад ирсэн хүүхдүүд ч байна. Тиймээс энэ жил хүүхдүүд, ач, зээ нар болон болон нутаг усны цөөн хүнээ урьсан. Өнгөрсөн хоёр жил гэртээ хүн бараг оруулаагүй учраас энэ удаа цааргалахгүй гэж бодлоо.

4

-Нууц биш бол хэдэн төгрөгийн орлоготой вэ. Бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсөж буй энэ үед баярт бэлтгэх гэлтгүй л өдөр тутмын хэрэглээнд зарцуулах мөнгө ихсэж байна.

-Манай гэр бүлийн хүн бид хоёр нийлээд сард нэг сая орчим төгрөгийн тэтгэвэр авдаг. Үнийн өсөлтийн тухайд ярих ч юм биш. Би 400 000 орчим төгрөгтэй (өөрийнх нь нэг сарын тэтгэвэр) ирээд архи болон дарс тус бүр нэг шил, нэг таваг хэвийн боов, нэг уут гурил, нэг гулууз хонины мах аваад дуусав. Ердөө архи, гурилан боов, гурил, мах гэсэн дөрвөн зүйл худалдан авахад л 400 000 төгрөг төллөө. "Талх чихэр” компанийн хэвийн боов ширхэг нь 5800 гэнэ. Бүр 7000 төгрөгийн үнэтэй нь ч байна. Ганц хоёр жилийн өмнө хэвийн боов дунджаар 3000 төгрөгийн үнэтэй байсан шүү дээ. Мөн гурил, мах, чихэр, архины үнэ ч огцом өссөн байна. 0.75 граммын савлагаатай "Соёрхол” архи авахад 65 000 төгрөг зарцууллаа. Бэлгэдэл, чанарыг нь бодон манайх авч хэвшсэн юм. Жил гаруйн өмнө ийм архийг 40 000 орчим төгрөгөөр л авч байсан санагдана. Нэмээд чихэр, жимс, нарийн ногоо зэхэж таарна, багагүй мөнгө зарцуулах нь гэлээ.

Ахуйн хэрэглээний бараа, архи, ундаа, чихэр, хэвийн боорцог, мах, гурил, нарийн ногоо гээд үнэ нь өссөн барааны нэр, төрлийг дурдаад баршгүй. Улмаар эдгээр нь ширхэг, кг тутамдаа жилд 10 гаруй биш, дунджаар 40-өөс дээш хувиар нэмэгдсэн байгаа юм. Инфляцын тооцооны талаар Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа "Өнгөрсөн арваннэгдүгээр сарын инфляцын тайланд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 10.5 хувиар нэмэгдсэн гэсэнд эргэлзэх, бухимдах хүн олон байсан. Ер нь иргэдийн өргөн хэрэглээний барааны сагсыг бүрдүүлж буй бүтээгдэхүүний үнийн дунджаар инфляцыг тооцдог. Үүнд мах, гурил, хүнсний ногоо багтахаас гадна тээвэр болон цахилгаан, дулаанд төлж буй зардал ордог. Сүүлийн нэг жилд цахилгаан, дулааны зардлыг төр дааж, автобусны тарифт өөрчлөлт ороогүй нь инфляц хэт нэмэгдэхгүй байхад нөлөөлсөн гэсэн үг. Гэхдээ эдийн засгийн өсөлт тааруу ийм үед инфляц хоёр оронтой тооноос давах нь иргэдийн амьжиргаа илүү муудахыг харуулж буй хэрэг. Үүний эсрэг чиглэсэн бодлогыг холбогдох байгууллагууд нь тодорхойлох болов уу” гэлээ.

5

Монголбанкнаас гаргасан тайланд өнгөрсөн сард инфляц улсын хэмжээнд 13.4, Улаанбаатарт 14.8 хувьтай байсныг мөн мэдээлжээ. Түүнчлэн нэг жилийн хугацаанд шатахууны ханш 47.5, хүнснийх 21, орон сууцынх 15.3 хувиар нэмэгдсэнийг дурдсан аж. Үүнээс гадна бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн нэмэгдлийн 46.3 хувь нь импортын бүтээгдэхүүний ханшийн "чангарал”-аас шалтгаалсан гэжээ. Эндээс харахад тээвэр ложистикийг сайжруулж, бараа эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарахгүй бол иргэд үнийн өсөлтөд дарамтлуулан, амьжиргааны түвшин илүү доройтох нь.