|

Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллана

 

 

Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллана

 

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс аймгийн Цагдаагийн газартай хэрхэн хамтарч ажиллах талаар уулзалт зохион байгууллаа. Үндэсний сэтгүүлзүйн 109 жилийн ойн хүрээнд хийсэн уг уулзалтад салбарын 20 гаруй гишүүн оролцсон аж. Уулзалтын зорилго нь орон нутагт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн мэдээ, мэдээллийг хэрхэн авах түүнээс урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцоо ямар байх талаар харилцан ярилцлаа. Хэвлэл мэдээллийн ажилтнууд үнэн бодит мэдээллийг албаны эх сурвалжаар баталгаажуулж олон нийтэд хүргэх үүрэгтэй. Гэвч гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэхэд Цагдаагийн байгууллага зарим үед хаалттай мэт байдаг, нөгөөтэйгүүр шалгагдаж буй хэргийг төвийн сайтууд түрүүлж мэдээлдэг нь нууцлал алдагддаг эсэх талаар тодруулж байлаа. Түүнчлэн сэтгүүлчид Цагдаагийн газрынүе, үеийн удирдлагууд хэвлэл мэдээлэлтэй харилцах хандлага өөр, өөр байдаг талаар ч онцолсон. Өнгөрсөн долоо хоногийн мэдээллийг хүргэдэг тогтсон өдөр, цагтай болох, цаг үеийн холбогдолтой мэдээлэлд холбогдох журмыг үндэслэн тодорхой, шуурхай мэдээлэл өгч байхыг хүссэн. ХаринЦагдаагийн байгууллагаас салбарынхаа үйл ажиллагаа, хууль эрх зүйн зохицуулалт, хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд хэрхэн хүргэх зохицуулалт, журмын талаар товч танилцуулсан.


Түүнчлэн сүүлийн жилүүдэд цахим гэмт хэргийн тоо нэмэгдэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд цагдаагийн байгууллага, хэвлэл мэдээлэл хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо. Орон нутгийн болон нийтэд хамааралтай мэдээллийг долоо хоног бүр багцлан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх, цахим гэмт хэргийн хор уршгийг илэрхийлсэн теле зохиомж, шторк, нийтлэл мэдээллийг тогтмол хүргэж байх тал дээр санал нэгдлээ.

Цахим гэмт хэргийг таслан зогсооход мэргэжлийн байгууллагаас гадна түүнээс урьдчилан сэргийлэхэд иргэний оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах аж.Мөн дан ганц цахим гэмт хэргийг таслан зогсооход хамтрах бус хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн боловсрол олгох контентыг орон нутгийн телевиз, радиогоор дамжуулах, Цагдаа, эмч, багш зэрэг төрийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд эерэгээр ойлгуулах, шүүмжлэх сэтгэлгээг өөрчлөх тал дээр хамтран ажиллана. Энэ хүрээнд уулзалтын үеэр "Ди Би Эс" телевиз, "Аа Жи Би" телевизтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Цагдаагийн газар нь хэвлэл мэдээлэлтэй хамтарч ажилладаг ч энэ удаагийн уулзалт шиг харилцан ярилцах, аль аль талын алдаа дутагдлаа ярилцаж байгаагүй аж. Ингэснээр урд өмнө нь хийж байсан ажлуудаа сэргээх, үргэлжлүүлэх, шинээр төлөвлөж хийх зэрэг олон талын ач холбогдолтой уулзалт боллоо гэж талууд үзэж байлаа.