|

Дарханы арьс ширний цогцолборыг 2023 онд ашиглалтад оруулна

Дарханы арьс ширний цогцолборыг 2023 онд ашиглалтад оруулна

 

Сайд З.Мэндсайхан Дарханы арьс ширний цогцолборыг 2023 онд ашиглалтад оруулна гэдгийг ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр танилцууллаа.

Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэгүйдлийг арилгах, нэмүү өртөг шингэсэн арьс шир, ноосон брэнд бүтээгдэхүүнийг орчин үеийн шинэ технологи, менежментээр хөгжүүлж, олон улсад өрсөлдөхүйц аж үйлдвэрийн цогцолборыг бий болгож, Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх зорилгоор "Дархан арьс ширний цогцолбор”, "Шинэ ховд үйлдвэрлэл, технологийн парк” төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.

Дархан арьс ширний цогцолборын техник, эдийн засгийн үндэслэлийг Италийн Имагро групптэй хамтран  боловсруулж дууссан. Тус  цогцолбор нь нийтдээ 4 сая бог, 400 мянган бодын арьс боловсруулах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн. Энэ үйлдвэрийг үе шаттайгаар барьж 2024 оноос өмнө ашиглалтад оруулна. Ховд үйлдвэр технологийн паркийн хувьд баруун бүсэд босоо болон хэвтээ тэнхлэгийн замын уулзварт, хойд урд хөршийн дэд бүтцийн давуу талыг харгалзан Ховд аймагт энэ төслийг эхлүүлсэн. Төрийн зүгээс тус паркийн дэд бүтцийг нь барьж өгөөд баруун бүсийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, бизнесээ явуулах орчныг нь бүрдүүлж өгөхөөр зорьж байна. Эхний ээлжид ноос ноолуур угаах чиглэл рүү дэд бүтцийг нь бий болгож өгнө.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам