|

"Хог хаягдал устгадаг ТАНК"

"Хог хаягдал устгадаг ТАНК"


Хог хаягдал ангилж авдаг машин, хортой хог хаягдал устгадаг машин нэвтрүүлж улс орныхоо байгаль экологи, эдийн засаг, хүн амын эрүүл мэндэд хувь нэмрээ оруулах гэж яваа нэгэн залуутай уулзлаа. Тэр бол Хог хаягдал дахин боловсруулах холбооны удирдах зөвлөлийн гишүүн П. Очирпүрэв. Та бүхэн "Экокаш" гэдэг хүмүүс шил, хуванцар саваа тушаагаад 20, 30 төгрөг авдаг автомат машины талаар харж, сонсож байсан байх. Япон, Европын Холбоо зэрэг өндөр хөгжилтэй орнуудад л ашиглагддаг энэхүү машиныг Монголдоо нэвтрүүлсэн туршлага дээрээ үндэслэн, тэрээр манай орны хот хөдөөгүй булахаас өөрөөр устгах боломжгүй аюултай хог хаягдал, хаягдал дугуй, задардаггүй хорт хуванцар, эмнэлгийн гаралтай хаягдал, үхсэн мал амьтны сэг зэмийг өндөр хэмд байгальд 100% ээлтэй, хоргүй болгон шатааж устгадаг зуухыг эх орондоо нутагшуулахаар зориглоод нилээн хэдэн оныг үджээ. Ингээд 2018 оноос эхлэн бусад улс орнуудын туршлага, тэргүүний технологийг эрж, хайн судалсаар, үнэ өртөг, ашиглалт, засвар үйлчилгээний хувьд манайд ойр ОХУ-ын Ижевск үйлдвэрийн аюултай хог хаягдал шатааж устгах инсенератор, зуухыг, албан ёсны дистрибьютерийн эрхтэйгээр импортлон, оруулж ирээд амжилттай туршиж, тохируулгын ажлыг гүйцэтгэж үр дүнг нь үзжээ.

Үүний сацуу 11 аймаг, орон нутагт танилцуулга сургалт, судалгаа, хэрэгжүүлэх боломжийн талаарх ажил хэргийн уулзалтуудыг энэ хугацаанд амжуулчихаж. Итали улсад үйлдвэрлэсэн Lamborghini fire booster тоноглолтой, дизель түлшийг хамгийн бага хэрэглэдэг, бүтэн автомат удирдлагын функцтэй, зөөврийн байдлаар хог хаягдал байгаа газар тээвэрлэн ашиглах боломжтой, өндөр хүчин чадалтай энэхүү технологийн зуухны хувьд, төв суурин, орон нутаг, уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт ашиглахад байгаль экологид хор нөлөөгүй, хүн амын эрүүл ахуйд өндөр үр дүнтэй нь дэлхийн олон улс оронд ашиглагдаж байгаагаас нь тодорхой харагдана. Температур, агаар галын урсгалыг автоматаар тохируулах систем нь ЕХ-ны стандартад бүрэн нийцсэн бөгөөд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл хамгийн бага болохыг туршилтаар баталгаажуулсан гээд олон давуу талууд байна. Биологийн гаралтай болон байгальд үл шингэх аюултай хог хаягдлыг +1200 °С - д 100% буюу бүрэн шатааж, үлдэгдэлгүй устгах өндөр хүчин чадалтай. Энгийн нэг жишээ бол ковидын энэ цаг үед өвчтэй хүний хэрэглэсэн амны хаалтыг вирустай нь устгана гэсэн үг.

Ил задгай хаях болон хуучин аргаараа булвал байгаль бохирдохоос гадна вирус устахгүй. Хэн нэгэн хүрвэл дамжин халдварлана. Жирийн аргаар шатаавал агаар бохирдоно гэх мэт. Хэдэн зуун жил задралгүй байгаль бохирдуулдаг хүүхдийн живх, өвчнөөр үхсэн малын сэг зэм гээд...аймаг орон нутаг, суурин газрын ойролцоох гуу жалганд байдаг тэр бүх байгальд болон хүний эрүүл мэндэд хор хохиролтой хог хаягдлыг устгах хөдөлгөөнт ТАНК гээд ойлгоход болно. Хөрсний бохирдол, хүн амын эрүүл мэндэд үнэхээр хэрэгтэй энэхүү хог хаягдал шатааж устгах зориулалтийн зуухыг Дархан-Уул, Өмнөговь, Ховд зэрэг аймгууд төсвийн санхүүжилтээр худалдан авч, хэрэгжүүлэхээр сонирхож байгаа юм байна. "Хогтойгоо зууралдаж, хордсоор, хоосон орилж, хэн нэгнийг хүлээж суух хэрэг үү?!" гэж Хог хаягдал дахин боловсруулах холбооны УЗ-ийн гишүүн П. Очирпүрэв эцэст нь онцолсныг дээр дооргүй үнэхээр бодууштай. Т.Ташуур