|

Баригдаж дуусдаггүй замын балгаар Баруунхараагийнхан баларч байна


Монголчуудын дунд “Тамын зам” гэж нэрлэгдэх болсон Дарханы замаас энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ. Өөр хоорондоо бид “Дарханы зам” гэж нэрлэх боловч уг нь бол манайдаа ганц байгаа босоо тэнхлэгийн олон улсын чанартай авто зам юм.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчлэх шийдвэрийг Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар гаргасан байдаг. Нийт 204.11 км замыг хоёр жилийн дотор барьж, 2020 онд ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн юм. Харамсалтай нь тус зам өнөөдрийг хүртэл ашиглалтад орсонгүй. Зам засаж байгаа компани, зорчигчид, дайран өнгөрөх сумын иргэд ч шороо, тоостойгоо зууралдсан, манан дунд амьдарсаар тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
Энэ замын гол золиос болоод буй хүмүүс бол Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараагийн иргэд болж байна. Тус сум руу машинаар явбал цаг гаруй яваад л очдог байлаа. Харин одоо бол машин техник бүрэн бүтэн, амь нас аюулгүй очно гэдэг асуудал болсон нь үнэн. Тийм ч болохоор Баруунхараа, Дархан чиглэлд зорчих иргэд замын нөхцөл байдлаас шалтгаалан аюулгүй тээвэр болох гал тэргийг сонгох нь ихэссэн. Гэсэн хэдий боловч яаралтай ажилтай, цаг давчуу тохиолдолд галт тэрэг хэтэрхий удаан гэдгийг хүмүүс хэлж байна.
Бид ч гэсэн энэ удаад аюулгүй байдлаа бодож галт тэргээр Баруунхарааг зорьсон. Галт тэргээр зорчих нь аюулгүйгээс гадна, амгалан тайван өөр хоорондоо хөгжилдөн тоглох боломжтой нь надад маш их таалагддаг тул би хувьдаа галт тэргээр зорчихыг илүүд үздэг юм. Орой суухад шөнө очих, олон цаг явах нь ядаргаатай боловч санаа нийлсэн хүмүүстэйгээ тоглоод явахад нэг л мэдэхэд зорьсон газраа хүрсэн байх болно. Шөнө галт тэрэгнээс буухад өвөл хөдөө байж байгаад л хотод ирээд утаанд хоолой сэрвэгнэж ханиадагтай адил мэдрэмжтэй угтсан юм. Хөдөө ирээд агаар амьсгалах бус тоос амьсгалан ханиалган буулаа. Шөнө дунд харанхуйд буусан учир гадаа ямар байгааг мэдэх аргагүй.
Өглөө эртлэн сэрэхэд тэнгэр тогтуун, хаврын нэгэн өдөр эхэлж байлаа. Бид сумын нөхцөл байдалтай танилцахаар сумын төвөөс хойш чиглэлд машинтай гарлаа. Өмнө нь төвийн хэсгээр шууд зорчдог байсан замыг хуулан авч сумын төвийн зүүн хойд хэсгээр айлуудын зүүн талаар шууд зорчин өнгөрөх түр сайжруулсан зам зассан харагдана. Тэр замаар зорчиход яг л шуургатай өдөр шороон замаар явж буй мэт цэнхэр шороо босож харагдах орчин үл үзэгдэнэ.
Өдрийн цагаар ч гэрэл дохиогоо асаан явахгүй бол урдаас ирэх машинтай мөргөлдөж осол гаргах эрсдэлтэй аж. Хүүхэд байхад Баруунхараагийн урдуур урсах Хараа голд өдөржин шумбаж, бургасан ойд нь төөрөх шахам болдог байлаа. Харамсалтай нь сүүлийн хэдэн жил айлууд түлшэнд хэрэглэсээр гол дагуух бургас бараг дуусчээ. Тийм болоод ч тэр үү, Хараа голын урсац жил бүр багасч, шороогоор шуурах нь ихэсчээ.
Байгаль цаанаас нь урлан бий болгосон бургасан хаалт байсан бол өнөөгийн энэ шороо тэгтлээ их асуудал үүсгэхгүй байх ч байсан юм бил үү гэсэн бодол өөрийн эрхгүй бодогдож байлаа. Түр замаас босож байгаа тоос, шороо Баянгол сумын иргэдийн эрүүл мэнд, амьдралын нөхцөлд хэдийнэ нөлөөлөөд эхэлжээ. Тордохгүй байж хуучин замыг нь хуулсны балгаар машин зорчин өнгөрөх бүрд тоос босож, салхины урсгалаараа сумын төв хэсгийг тэр чигт нь манан бүрхдэг байна. Баянгол сумын төвөөр хоногт 2000-3000 машин дамжин өнгөрдөг, авар осолд орох иргэдийн тоо ч түүнийгээ дагаад их гардаг аж. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Онцгой байдлын албаны хүмүүс осолд орж, тэднийг нисдэг тэргээр хот хүргэжээ.
Энэ тухай тус сумын иргэд “Дарга болоод эрх мэдэл өдөртэй нэгэн гэмтэх үед нисдэг тэрэг захиалж үйлчилгээ авч байна. Харин энгийн иргэд гэмтвэл энэ аймар замаараа л тээвэрлэж, аз байвал хотын эмнэлэг бараадуулна шүү дээ” хэмээн ярьж байлаа.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын хүний их эмч Б.Баярмаа “Энэ замын босож буй хуурай тоос, цементээр сумын 6000 гаруй иргэд амьсгалж байгаа нь үнэхээр харамсалтай санагдаж байна. Яагаад гэвэл уушги тоосжих өвчин хэзээ ч эдгэрэх боломжгүй. Бидний амьсгалж буй агаараас орсон тоос, мананцар, амьсгалын дээд замын эрхтэн хамар, төвөнх, уушгины цулцан гуурсан хоолойн нарийн хэсгүүдэд гүнзгий нэвтрэн ордог. Цулцангийн дотоод гадаргууг бүрхэн гэмтээж, уушги тоосжих өвчнийг үүсгэж уушгины дотоод гадаргуугийн талбайг багасгаж нарийн ширхэглэгт тоосонцрууд нь гуурсан хоолойн нарийн сүвнүүдийг бөглөдөг. Цулцанд орох хүчилтөрөгч бүхий цэвэр агаарыг саатуулж, уушги мөгөөрсөн хоолойн үрэвсэлт уушгины хатгалгаа, бронхит гэх мэт өвчнийг үүсгэн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг” хэмээн халаглаж байна.
Манай улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд чамгүй их автозам тавигдаж байгаа. Манай сум шиг ийм нөхцөл байдалтай болсон газар, нэг бүтээн байгуулалтын төлөө иргэдийн эрүүл мэнд, эрх ашгийг хохироодог зүйл гэж хаана ч байхгүй. Иргэд бид галт түймэр гарсан нутаг дэвсгэрт байгаа юм шиг орчинд өдөр бүр амьдарч байна. Ковид тусаж суурь эмгэгтэй болсон иргэд ийм агаараар амьсгалах юм бол удаан тэсэх боломжгүй. Хэдэн жилийн дараагаас л уушгины суурь эмгэгтэй сум болон хувирах магадлалтай хэмээн ярьж байлаа.
Үнэхээр ч сумын төвөөр хэсэгхэн алхахад л хоолой гашуу оргиж, нүд хорсож байсан нь эмчийн хэлсэн нарийн ширхэгт тоосонцороос болж байсан байж таарна. Дарханы замыг аль болох эрт барьж байгуулах улсын эдийн засагт болоод иргэдийн эрүүл мэнд, амь настай чухал асуудал болсон. Харамсалтай нь энэ тухай салбарынх нь сайд “Үйлийн үрээр энэ замтай холбогдлоо” хэмээн толгойгоо сэгсэрч байгаа.
Л.Халтар сайдыг ийнхүү толгойгоо сэгсэрч, Г.Дамдинням гишүүнийг попорч байх хооронд хэчнээн иргэн эрүүл мэндээрээ хохирч байгааг тоолж, тооцоолох арга алга. Үүний нэг жишээ нь Баянгол сумын иргэн С.Сүхбаатар юм. Тэрээр өнгөрсөн 2020 онд уушгины сүрьеэ өвчнөөр өвчлөн бүтэн жилийн турш эмнэлгийн байгуулгаар явж эдгэрэх шатандаа орсон аж.
Тэрбээр “Өвчин туссан, эмнэлгээр явж байгаа хүнд үнэхээр хэцүү байна. Аргаа барж байгаа. Бүтэн жилийн хугацаанд өвчинтэй зууралдсан учир санхүүгийн хувьд ч хэцүү байлаа. Тэгж явсаар за нэг эдгэрлээ гээд ажилдаа ороод удаагүй байтал дахиад л өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Уушгины суурь өвчинтэй бол сумандаа амьдрах арга алга. Би үүнийг энэ замын тоос шорооноос л болсон гэж үзэж байгаа. Манай хажууд уул байдаг ч салхиараа шороо босоод л ирнэ. Тэгээд ч хүн байнга гэртээ байгаад байх биш гарна. Гэрээс гараад л тоос, байнгын аргуу шороон шуурган дунд амьдарч байна даа. Би 30 гарч яваа залуу хүн суурь өвчинтэй учир хурдан мэдрэгдэж байгаа. Харин хүүхдүүд жааханаасаа ийм орчинд өсөж ужиг өвчинтэй, хөгшин хүмүүсийн өвчинтэй хавсарч эмчилгээгүй болох вий гэхээс санаа зовох юм” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн.  
Баянгол сум бол хараа голын сав газар оршдог бөгөөд нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Манай улсын босоо тэнхлэгийн төв зам дайран өнгөрдөг учраас тариалсан ногоогоо иргэд зам дагуу зогсож худалдаалдаг. Энэ нь ч тэдгээр айлын амьжиргааны гол эх үүсвэр болсон байдаг аж. Гэтэл одоо зам дагуу зогсож зарах ногоо ч үгүй болох эрсдэл бий болжээ. Учир нь тоосжилт их учраас ногоо тарих ямар ч боломжгүй гэнэ. Энэ тухай тус сумын иргэн н.Бямбаа “Гонир багийн  айлуудын гадуур машин өнгөрдөг болсон нь амгалан тайван амьдрал, эрүүл саруул амьдрах орчин алдагдуулсан. Угаасан хувцас гаргаад тохоход л хөх саарал болчихдог. Мал, амьтан эрсдэх энүүхэнд болоод байна” гэсэн юм.
Үнэхээр битүү саарал шороон дунд хүн, мал харагдах нь бүү хэл өөдөөс ирж яваа машин харагдахгүй юм билээ. Тийм болохоор цөөхөн хэдэн малтай айлууд аль болох малаа замын ойролцоо бэлчээхгүй байхыг хичээж, хүүхдүүдээ ч гадуур гаргахаа больжээ. Дээрээс нь сайжруулсан нэртэй шороон замаас гадна жолооч нар дур мэдэн зам гаргаж давхицгаадаг нь тоосжилтыг улам нэмэгдүүлдэг байна.
Шийдвэр гаргагч эрхмүүдийн ажилдаа хариуцлагагүй ханддаг байдлаас болж хэдэн жил дамнан үргэлжилж байгаа тус замын бүтээн байгуулалтаас үүдэн бүхэл бүтэн нэг сумын 6000 иргэний эрүүл мэндэд аюул учирч, эрүүл, аюулгүй орчинд амьдрах наад захын эрх нь зөрчигдөж байна. Тиймээс үнэхээр иргэнээ боддог төр засаг гэж байгаа бол энэ асуудалд ултай суурьтай хандаж, нэн даруй асуудлыг шийдэхгүй бол нийтээрээ уушгины өвчтэй, мал маллаж, ногоо тариалах ямар ч боломжгүй нэг сум бий болох аюул бодитоор бий болжээ.
Б.НАРАНГОО
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН