|

Харгис хэрцгийгээрээ алдаршсан буриад хөлсний цэрэг Украины мэргэн буучийн суманд алагджээ


Харгис хэрцгийгээрээ алдаршсан Оросын хөлсний цэрэг Ням гарагт Украины мэргэн буучийн суманд алагдсан тухай Оросын сошиал сувгууд, хэвлэлүүд саяхан мэдээлжээ.
Украины хоёр дахь том хот Харьковт явуулсан ажиллагаанд оролцож байхдаа 44 настай Владимир Андонов амь үрэгдсэн юм байна.
Андонов нь ОХУ-ын Буриад улсын Могойтуйский дүүргийн уугуул байжээ. Оросууд түүнийг “палач” буюу цаазлагч (зандалчин) хэмээн хочилдог байсан гэнэ. Олзны цэргүүд, энгийн иргэдийн амийг хөнөөдөг байсан нь түүнийг ийм хочтой болгожээ.
Оросын хувийн батлан хамгаалахын Вагнер Групп компанид  хөлсний цэргээр ажилладаг байсан Андонов 2015 онд Донбассын хязгаарт Украины олзны цэргүүдийг цаазлахад оролцож байсан нь дайны гэмт хэрэг бүртгэлийн “Peacemaker” мэдээллийн санд тэмдэглэгдсэн байдаг гэнэ.
Тэр бас Сири, Ливид явуулсан Вагнер Группийн байлдааны ажиллагаануудад оролцсон юм байна.
Тухайлбал Ливийн генерал Хафтарын Триполи хотыг эзлэх тулаанд оролцохдоо Андонов энгийн иргэдийг бөөнөөр нь хядахад оролцож байсныг амьд үлдсэн гэрч өнгөрсөн оны наймдугаар сард BBC сувагт ярьж байсан байна. Энэ тухай Libya Observer сайт мэдээлжээ.
1997-2005 онуудад Оросын армид алба хааж байсан Андонов сүүлийн жилүүдэд Вагнер Группт хөлсний цэргээр ажиллах болсон байна.
Вагнер Групп нь Кремлийн эрх баригчдын гадаад орнуудад явуулдаг албан бус байлдааны ажиллагааг гүйцэтгэдэг компани юм.
Андонов өөрийгөө бөө мөргөлтэй тул дайсны суманд оногддоггүй хэмээн ярьдаг байжээ.
2017 оны арванхоёрдугаар сард тэр хилийн чанад дахь ажиллагаанд гавьяа байгуулсныхаа төлөө ОХУ-ын төрийн одон медалиар шагнуулсан юм байна.
 
Эх сурвалж: Newsweek