|

Еврогийн ханш 20 жилийн хугацаанд анх удаагаа 0.99 ам.доллароос доошилж унажээ

ОХУ "Умардын урсгал” хоолойгоор Герман руу хий нийлүүлэхээ түр зогсоож буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэний дараа еврогийн ханш 20 жилийн хугацаанд анх удаагаа 0.99 ам.доллароос доошилж унасан талаар AFP мэдээллээ. Даваа гарагийн өглөө еврогийн ханш 0.70 хувиар унаж, ам.доллартой харьцах ханш нь 0.9884-т хүрсэн нь 2002 оны 12 дугаар сараас хойших хамгийн бага түвшин болжээ. Орос Украин руу довтолсноос үүдэлтэй эдийн засгийн хямрал, тодорхойгүй байдлын улмаас он гарснаас хойш еврогийн ам.доллартай харьцах ханш суларсаар байсан юм.
Өнгөрсөн баасан гарагт Оросын "Газпром” компани амралтын өдрүүдээр сэргээх байсан "Умардын урсгал” хоолойн хийн нийлүүлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Уг мэдэгдэлд дурдсанаар, гурван өдрийн төлөвлөгөөт засвар үйлчилгээний үеэр турбинд "хий алдагдаж” байгааг илрүүлсэн тул түүнийг засварлах хүртэл нийлүүлэлтийг түр зогсоохоор болжээ.