|

ДАРХАН-УУЛ: Хөгжлийн төвийн барилгын ажлыг хотын ойн өдрөөс өмнө дуусгана



Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын ажил өнгөрсөн оны зургаадугаар сард эхэлсэн. Өнөөдрийн байдлаар барилгын ажил 90 орчим хувьтай үргэлжилж байна. Гүйцэтгэгчээр "Боршоон Ундраа” ХХК ажиллаж байгаа бөгөөд Дархан хотын ойн өдөр буюу 10 дугаар сарын 17-ноос өмнө бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл” -ийг хэрэгжүүлж байгаа. Уг төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, тэдний бие даан амьдрах чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой.
Төслийг хэрэгжүүлэгч нь ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар. Энэхүү хөгжлийн төвийг Дорнод, Ховд, Дархан-Уул, Архангай, Хөвсгөл болон Дундговь зэрэг зургаан аймагт барих аж.3.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус барилга бүрэн автомат тоноглолтой бөгөөд нэг ч алхдаг шатгүйгээр барьж байгаагаараа онцлог ажээ.Бүрэн ашиглалтанд орсноор 35-40 ажлын байр шинээр бий болно гэж аймгийн ХХҮГ-ын дарга С.Энхболд мэдээлэв.
Дархан-Уул аймгийн хэмжээнд 3500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж, амьдарч байна. Тэдний хөгжих эрхийг баталгаажуулах, үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, бие даан амьдрах чадварыг дээшлүүлэх мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сэргээн засах, хэл засал, хөдөлгөөн засал зэрэг үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэхаж.
Ташрамд, дээрх аймгуудад түгээмэл хөгжлийн загварыг баримталсан, орон нутгийн барилгын дүрэм, журам, стандартыг тусгасан, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, зоорийн давхартай, 1-2 давхар бүхий 1950 м2 талбай хэмжээтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Хөгжлийн төв барихаар төлөвлөсөн нь эхнээсээ биелэлээ олж барилга, угсралтын ажилдуусах шатандаа үргэлжилж байна.