|

ДАРХАН-УУЛ: Ундны усны шинжилгээгээр нянгийн бохирдолтой гарчээ


Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан аймгийн МХГ-аас ерөнхий боловсролын 26, сургуулийн өмнөх боловсролын 43 байгууллагад хяналт шалгалт хийжээ. Хүүхэд суралцах, гадна, дотно орчны аюулгүй байдал, халдваргүйтгэл, шавж устгал, ундны усны шинжилгээ зэрэг олон чиглэлээр хийсэн аж. Үүн дотроос ундны усны шинжилгээгээр нянгын бохирдол илэрчээ. Тодруулбал ерөнхий боловсролын хоёр сургууль, нэг цэцэрлэгийн ундны ус нь нянгийн бохиролдолтой гарчээ.

Нийт 11 сургууль, сургуулийн дотуур байр, 18 цэцэрлэгийн сүлжээний ус болон зөөврийн уснаас 59 усны дээж авч МХГ-ын итгэмжлэгдсэн лабораторид нянгийн тав, химийн долоон үзүүлэлтээр шинжлэхэд 88 хувь нь буюу 52 дээж нь стандартын шаардлага хангасан долоон дээж шаардлага хангахгүй дүнтэй гарсан ажээ. Шаардлага хангаагүй долоон дээжээс давтан шинжилгээ авч шинжлүүлж байна. Усны шинжилгээний шаардлага хангаагүй хоёр сургуулийг үйлдвэрийн баллонтой ус хэрэглэх зөвлөмж өгчээ.

Шинжилгээгээр нянгийн бохирдолтой гарсан тухайн сургууль, цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ бохирдсон, олон жил болсон, засвар үйлчилгээ хийгдэж солигдоогүй байж болно гэж МХГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Баасандорж мэдэгдлээ. Шугам хоолой засварлах, шинээр сольсны дараагаар дахин шинжилгээ авч зөрчлийг арилгах аж. Зөрчлийг арилгах хугацаа дуусах хүртэл шугамын усыг ундны усанд хэрэглэхгүйгээр баллонтой цэвэршүүлсэн ус хэрэглэх ажээ.