|

ДАРХАН-УУЛ: “Залуус цогцолбор”-ыг ашиглалтад орууллаа

Дарханчуудын нэрлэж заншсанаар "Нью-Йорк” толгой буюу Дархан сумын 13 дугаар багийннутаг "Билүүт”толгойд "Залуус цогцолбор”-ыг барьж өнөөдөр ашиглалтад орууллаа. "Билүүт” толгойд гарч хойд зүгт харвал Дархан хот бүтнээрээ харагдана.
Төрөлх хотоо өндрөөс харах, гадна, дотны жуулчдад орчны харах тав тухтай орчин бүрдүүлэх, Дархан хот үүсгэн байгуулсны 60, 61 жилийн ойд зориулан Дархан-Уул аймгийн Засаг дарга асан, аймгийн "Хүндэт иргэн” Дамдины Хаянхярваагийн санаачилгаар "Баян Бридж” ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн аж.

Нээлтийн үйл ажиллагаанд бүтээн байгуулалтад оролцсон ААНБ-ын ажилтнууд, компанийн удирдлагууд, төслийн санаачлагч Д.Хаянхярваа, аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал, Засаг даргын орлогч Б.Жавхлан болон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, иргэд оролцлоо.

"Залуус цогцолбор” амралт чөлөөт цаг, аялал зугаалгын бүсэд төгсөгч оюутан, сурагчид төдийгүй хүүхэд, залуусын очих дуртай дурсгалт газруудын нэг болно гэдэгт итгэлтэй байна. Мөн Дархан хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийг өндөр дэнжээс тольдон харах боломжийг олгосон төслийг санаачлагч болон ерөнхий гүйцэтгэгч бусад дэмжин ажилласан албан байгууллагуудад аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат талархал илэрхийллээ.

Уг бүтээн байгуулалтыг 250,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар, 60-80 хүний бүрэлдэхүүнтэй баг 1 жил 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн аж. Ерөнхий гүйцэтгэгчээр "Баян Бридж” ХХК ажиллаж, "Тохь Комплекс”, "Анто Од”, "Уулс Ноён”, "Өнгөлөг шал”, "Баян төхөм шандат”, "Түмэн Зул Энержи”, "Хаан Гагнаас”, "Хатуу Төмөр”, "Элчит Ган”, "Цонх Констракшн” ХХК-ууд болон Зэвсэгт хүчний 330-р анги хамтран ажиллажээ.
"Залуус цогцолбор” амралт, аялал, зугаалгын бүсийн тохижилтын ажлын хүрээнд 1000 м2 талбайг бетон цутгамал авто зогсоол, 60м2 бетон шат, 160 м явган хүний зам, 110м ус зайлуулах талбай, нийтийн эзэмшлийн гадна гэрэлтүүлэг, сандал, хогийн сав зэргийг суурилуулжээ.
Тус цогцолборт Дархан-Уул аймгийн туг, Худалдаа аж үйлдвэрийн танхимын туг болон ХАҮТ-ын Дархан салбараас шалгаруулсан 2021 оны шилдэг аж ахуй нэгжүүдийн тугийг байрлууллаа.