|

“Түүхий” хуулийн төслөө дахин нягтлахыг ТББ-ууд шаардав


Жил тойрон яригдаж байгаа Холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн сайн муу, сайхан муухайг хуульчид, иргэний нийгмийнхэн дахин хэлэлцлээ. Төрийн ордны Эзэн Чингис хаан танхимд өчигдөр болсон хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Их хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын түшээдээс гадна иргэний нийгмийн байгууллага, ТББ-ын төлөөлөл хүрэлцэн иржээ.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хэлэлцүүлгийг нээж үг хэлсний дараа Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хуулийн төслийг танилцуулсан юм. Харин төрийн бус байгууллагынхны зүгээс хуулийн төслийг өөрсдийнх нь төлөө бус, төр иргэний нийгэм, ТББ-ын "амыг барих”-ыг санаархсан үйлдэл хэмээн хатуухан шүүмжлэв.
 
Холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг жил гаруйн өмнө Их хурлаар хэлэлцэж эхэлсэн ч иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын зүгээс хүчтэй эсэргүүцсэн учир "бүгдээрээ хэлэлцэж, бүлээн усаар угаахаар” дахин цугласан нь энэ. Тэд хуулийн төслийн зарим заалт Үндсэн хуулиар олгосон иргэний язгуур эрхийг хөндсөн, ТББ-ыг татан буулгах үндэслэл тодорхойгүй, шүүхийн хамгаалалт бүрэн бус зэрэг учир дутагдалтай байгааг онцлон шүүмжилж байлаа.
 
Манай улс мөнгө угаах, терроризмтэй тэмцэх Олон улсын байгууллага (ФАТФ)-ын саарал жагсаалтад орсны шалтгааныг ТББ-уудаас болсон гэсэн яриа сүүлийн үед олны анхааралд байгаа. Тэгвэл энэ жагсаалтад орсны гол шалтгааныг зарлах, мөнгө угаасан баримт байгаа бол тэдгээр ТББ-ыг зарлах ёстой хэмээн хэлэлцүүлгийн зарим оролцогчид шаардаж байв.
Энэ үеэр Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төвийн Ази, Номхон далайн бүсийн зөвлөх Жули Хантер цахимаар оролцож, хэлэлцэж байгаа хуулийн төсөл олон улсын эрх зүйн байдлын шалгуурт хэр нийцэж байгааг танилцуулсан. Тэрээр ФАТФ байгууллагын саарал жагсаалтад орсон шалтгаан нь зөвхөн төрийн бус байгууллагын мөнгө угаасантай холбоотой асуудлаас болсон гэдэг нь ташаа ойлголт хэмээн залруулав.
 
Хэлэлцүүлэгт оролцсон төлөөллүүдийн байр суурийг хүргэе.

МУИС-ийн Үндсэн хуулийн хүрээлэнгийн захирал, хуулийн ухааны доктор О.Мөнхсайхан: 
-"Хуулийн төслийн зарим заалт нь маш ерөнхий, ямар тохиолдолд яаж ашиглах нь тодорхой бус байна. Жишээ нь, тухайн ашгийн бус байгууллага улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон бол татан буугдах тухай хуулийн төсөлд заажээ. Гэтэл талбай дээр жагсаал цуглаан хийх нь нэг талаар улс төрийн үйл ажиллагаа байж болно. Үүний төлөө төрийн бус байгууллагыг шууд татан буулгах уу гэдэг нь эргэлзээтэй. Энэ бол бусдын эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хаасан, өмнө байсан хуулийн заалтыг дордуулсан тохиолдол гэж үзэж байна.
 
"МонФемнет” ТББ-ын Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал: 
сонин mn
 
-Нийтийн эрх ашгийн төлөө ажиллах бидний үндсэн үйл ажиллагаа, гол зорилго чиглэл хуулийн төсөлд орсон олон заалтаар арчигдах гэж байна. Тийм учраас ТББ, иргэний нийгмийнхэн бид эсэргүүцэж байгаа юм. Бид шинэчлэлийг эсэргүүцээгүй.  Мэдээж манай салбартай холбоотой цэгцлэх асуудлууд байгаа. Гэхдээ тэдгээрийг бусад холбогдох хуулиудаар зохицуулах хангалттай боломж бий.
 
Ардчиллын боловсрол төвийн захирал Г.Ундрал 
сонин mn
 
-Хууль зүйн яамнаас төрийн бус байгууллагууд мөнгө угаасантай холбоотойгоор саарал  жагсаалтад орсон мэтээр мэдээлэл өгч байгаа. Мөн ФАТФ-аас тавьсан бүх шаардлагыг хангасан, ганцхан ТББ-ын тухай хуулийг батлах л дутуу үлдсэн, гэтэл ТББ-ууд эсэргүүцээд байгаа мэтээр ярьж байна. Мэдээж 40 гаруй мянган төрийн бус байгууллага дунд сайнтай, муутай олон янз байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ зөвхөн төрийн бус байгууллагын асуудлаас болоод нийт энэ салбарынхан, иргэний нийгмийнхнийг харлуулан ярьж болохгүй. Ямар төрийн бус байгууллага нь мөнгө угааж байна гэдгийг нэр устай нь зарлах ёстой гэхээр нэрлэдэггүй. Саарал жагсаалтад орсон гол шалтгааныг үнэт метальтай холбоотой мөнгө угаасан суудал гэдгийг албан ёсоор бидэнд баталгаажуулж мэдэгдсэн. Гэтэл нийт ард түмэнд төрийн бус байгууллагууд л болдоггүй юм байна гэсэн өрөөсгөл ойлголт төрүүлж байна. ТББ-ууд терроризм санхүүжүүлэх эрсдэл огт байхгүй, ийм эрсдэл багатай гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал.
 
Хуульч Ц.Оюунгэрэл: 
сонин mn
 
-Миний хувьд Холбоо, сангийн тухай хуулийг батлах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа. Энэ хуулийг баталснаар ТББ-ын тухай хууль хүчингүй болно. 1997 онд батлагдсан ТББ-ын тухай хуулиар Монгол Улсын иргэд эвлэлдэн нэгдэх эрхээ чөлөөтэй эдлээд, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө дуугарах эрхээ олж авсан. Гэтэл олон нийт, төрийн бус байгууллагын төлөөх энэ ганц хуулийг үгүй хийх болоод байна. Харин эсрэгээрээ юуг зөв, юуг буруу гэх вэ гэдгийг төр зааж өгөөд, төрийн зөв гэсэн юмыг хийвэл ТББ-д мөнгө өгнө, үгүй гэвэл татан буулгана гэсэн тулгалтын хууль орж ирж байна. Би энэ тулгалтыг эсэргүүцэж байгаа. Мэдээж төрөөс зохицуулах шаардлагатай зүйл байгаа. Гэхдээ тийм зохицуулах шаардлагатай зүйлсийг өөр хуулиудаар зохицуулж болно.
 
ТББ-уудыг олноор нь хямралд оруулах, хааж боох нь өөрөө иргэдийнхээ эсрэг үйлдэл юм.  Эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний үндсэн дээр байгуулагдсан иргэний нийгмийн байгууллагууд бол иргэний эрх чөлөөний манаач нар гэсэн үг. Энэ олон эрх чөлөөний манаач нарыг төр хянана, татан буулгана гэдэг нь эрх чөлөөний манаач нарыг байхгүй болгоно, цаашлаад эрх чөлөөг үгүй хийнэ гэсэн үг. Энэ загвар бол үндсээрээ буруу, цаад далд санаа нь коммунизм гэж харж байна. 
 
 
Б.НЯМСҮРЭН 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин