|

АН-ААС С.БАЯРЦОГТООС ГАДНА МОАХ, "ШОНХОР"-ЫН ЗАРИМ ГИШҮҮД НЭР ДЭВШИХ ЭРХ АВЧ ЧАДАХГҮЙ ЮУ

Долоо хоногийн сүүлээр намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх учиртай. Тиймээс АН, МАН-ын ҮЗХ, Бага хурал нь энэ сарын 27-нд хуралдах товтой байгаа. Эрх баригч АН энэ удаагийн ҮЗХ-ны хурлаараа нэр дэвшигчдээ тодруулаад зогсохгүй зарим гишүүдэд хариуцлага тооцож магадгүй талаар яригдсаар байна.

2014 оны 11 дүгээр сард тус намын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг дэмжиж, эсрэг санал өгсөн гишүүддээ хариуцлага тооцох тухай намынх нь Хяналтын Ерөнхий хороо шийдвэрээ гаргасан байдаг. Тиймээс тэрхүү шийдвэрийг эргэн харж нэр бүхий гишүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх арга хэмжээг авч магадгүй талаар ярьсаар байна.

Тэдгээр гишүүд нь МоАХ фракцийн харьяалалтай Л.Эрдэнэчимэг, Х.Баттулга, Р.Бурмаа, Р.Амаржаргал, М.Зоригт, "Шонхор"-ын Ж.Батзандан, Д.Батцогт, Б.Наранхүү, Р.Амаржаргал нарын есөн гишүүн юм.

Сонгуульд нэр дэвшигчид тодруулахтай холбоотойгоор АН-ын гишүүд дэмжигчдийн зүгээс эдгээр эсрэг санал өгсөн гишүүдэд хариуцлага тооцуулах талаар намынхаа Хяналтын ерөнхий хороондоо дахин дахин гомдол хүргүүлсээр байгаа гэнэ.

Тэгвэл энэ сацуу УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг оффшортой холбоотойгоор намын нэр хүнд унагасан хэмээн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ АН-ын дарга мэдэгдээд байгаа билээ. Тэгэхээр АН-ын ҮЗХ-ны хурал "Алтангадас", МоАН санаачилгынхан МоАХ-ныхныг дэвшүүлэхгүй гээд МоАХ, "Шонхор"-ынхон С.Баярцогт, Д.Батбаярыг нэр дэвшүүлэхгүй хэмээн дайралцсан хүндхэн байдалд болох магадлалтай болжээ.

АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын зүгээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах шийдвэрийг 23-25-ны хооронд ирүүлэхийг аймаг, дүүргийнхээ намын хороодод үүрэг болгоод байна. Энэ бүр хэрхэн өрнөх нь сонирхол татаж эхлээд байна.

Г.Самбаа