|

ДАРХАН-УУЛ: Галыг шууд унтраах боломжгүй, тархаахгүй байх тал дээр ажиллаж байна


"Тэс Петролиум" ХХК-ийн Дархан салбар агуулахад гарсан галыг унтраахаар ажиллаж байна. Шатахуун агуулах зориулалттай 2000 тоннын багтаамжтай уг саванд 650 тн шатахуун байсан аж. Тухайн байгууллага нь сар бүрийн 1-ний өдөр тооллого хийдэг байжээ. Мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар тухайн саванд гарсан гал 10-12 цаг асаж дуусах аж.
Галыг тархаахгүй байх тал дээр ОБГ-ын алба хаагчид ажиллаж байна. Нэг аймгийн хүчин чадал галыг бүрэн унтраах боломжгүй тул өглөө аймгийн Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч, Сэлэнгэ аймгийн ОБГ-ыг татан оролцуулж байсан бол өдөр, үдээс хойш Орхон аймаг, Мандал сум, Улаанбаатар хотоос нэмэлтээр галын хөөстэй автомашин хүч нэмэгдүүлэн ирж гал унтраах ажилд оролцож байна. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 60 тн багтаамжтай усны нөөцийн вагон авчирсан аж.

Тус агуулахын хашаанд гал гарч буй савнаас 30 гаруй метрийн зайд тус бүр нь 400 тоннын багтаамжтай зургаан сав бий. Тэдгээр сав руу халалт үүсгэхгүй байх, галыг дэгдээхгүй байх тал дээр мэргэжлийн байгууллагууд ажилласаар байна.

Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан иргэд сандрахгүй байхыг аймгийн Онцгой комиссоос зөвлөж байна. Айл, өрхийн суурьшлын бүсэд нөлөөлөхгүй. Мөн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж аймгийн БШУГ-аас 13 дугаар цэцэрлэг болон Дархан сумын дөрөвдүгээр сургуулийн хоёрдугаар ээлжийг хичээллэхгүй байх шийдвэр гаргажээ. Маргааш сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх аж.

ОБГ-ын аврах, гал унтраах ангийн бие бүрэлдэхүүнээс гадна усан хангамж бүхий байгууллагуудыг татан оролцуулж байна. Зөвхөн ус тээвэрлэх ажилд 27 автомашин оролцож байна. Тиймээс тухайн орчмын авто замыг хэсэгчлэн хаах, ус тээвэрлэж буй автомашинд зам тавьж өгөх зохицуулалтыг хийж байна гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдэгдлээ.