|

Голомт банк 2022 оны “Онцлох ТоС байгууллага”-аар шалгарлаа


Тогтвортой санхүүжилтийн холбоо (ТоС)-ноос жил бүр ТоС хэрэгжилтээр манлайлсан байгууллагуудыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран шалгаруулдаг билээ. Энэ жилийн хувьд ТоС холбооны гишүүнчлэлийн цар хүрээ өргөжин тэлж, ББСБ-уудыг хамруулсан бөгөөд нийт 11 байгууллагаас  Голомт банкийг 2022 оны "Онцлох ТоС байгууллага”-аар тодрууллаа. 
 
Голомт банк байгуулагдсан цагаасаа байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг дэмжин ажиллаж ирсэн бөгөөд дэлхийн 130 банкны хамтаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн санхүүгийн санаачилгад нэгдэж, Монгол Улсаа төлөөлөн  "Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг үндэслэгч банк болсноор уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тогтвортой хөгжлийн зорилтуудыг 4 дэх жилдээ хэрэгжүүлж байгаа билээ. 
 
Бид UNEP FI Хариуцлагатай банкны зарчмуудын дагуу зээлийн багцын нөлөөллийн шинжилгээ хийж, уур амьсгал болон усны салбарт үзүүлж буй зээлийн багцынхаа сөрөг нөлөөг бууруулах зорилт тавиад буй. Энэ хүрээнд 2022 оны 4 дүгээр сараас эхлэн СО2-ыг өндөр хэмжээнд ялгаруулж байгаа салбаруудыг тодорхойлон, зээлийн хүсэлт тус бүр дээр нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг тооцож эхэлсэн. 
 
сонин mn
Мөн ТоС холбооноос тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст жил бүр "ТоС талархал” цом гардуулдаг уламжлалтай. Уг цомын эзнээр Голомт банкны Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээчин Г.Ундрам тодорсон байна. 
Амжилт бүрт бидэнтэй хамт байж, хамтран ажилладаг харилцагчид болон хамтрагч байгууллагууддаа баярлалаа.