|

ДАРХАН-УУЛ: Задгай талбайн анхны экстрим төвийг нээлээ


Дархан-Уул /МОНЦАМЭ/.
Тэсвэр, тэвчээр эр зориг шаардсан буюу экстрим төвийг Дархан-Уул аймагт байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ.

Жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой тус төв нь эхний удаад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутагшуулах, хүүхэд, залуус, гэр бүл, найз нөхдийн амралт чөлөөт цагийг эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэхэд зориулжээ. 

Saturn extreme mongoliaтөвийг гэр бүл, найз нөхдийн хамтын хүчин зүтгэлээр байгуулсан гэж тус төвийг үүсгэн байгуулагч Д.Ганбаатар хэллээ.



Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт экстрим төвийг байгуулах санал, санаачилгыг тус сумын Засаг дарга Т.Атархишиг дэмжиж газрын асуудлыг шийдвэрлэж өгчээ. Өнгөрсөн тавдугаар сараас бэлтгэл ажлаа эхлүүлсэн бол хагас жилийн хугацаанд бүтээн байгуулалтууд өрнөж туршилт хийснээр өнөөдөр ийнхүү үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэллээ.

Эхний ээлжинд агаарын дугуй, картинг машин, чарга гэсэн гурван төрлийн үйлчилгээгээр эхэлж байна. Цаашид төрлүүдээ нэмэгдүүлж улирал бүрд тохирсон шинэ, шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэх ажээ.



Агаарын дугуй нь Монголдоо анхдагч бөгөөд нэг удаад хоёр үйлчлүүлэгч 220 метр замыг туулахаар зохицуулжээ. Агаарын дугуй нь насанд хүрэгчдэд зориулсан бол чаргаар бүх насныхан үйлчлүүлэх боломжтой аж.



Мөн дэлхийн улс орнуудад хөгжсөн агаарын бөмбөлгийг хөгжүүлэхээр оруулж ирсэн байна. 2020 онд албан ёсоор бүртгүүлж, дугаараа авчээ. Бэлтгэл хангагдсан төдийгүй хоёр хүн нисгэгчийн мэргэжлээр төгссөн. Агаарын бөмбөлгийн үйлчилгээ явуулахад ИНЕГ-аас зөвшөөрөл авдаг бөгөөд албан ёсоор хүсэлтээ өгсөн аж. Зөвшөөрөл гарсан даруйд Монголын анхны агаарын бөмбөлгийг Saturn extreme mongolia төв хөөргөх юм.


Дээрх гурван төрлийн үйлчилгээний үнийн тухайд агаарын дугуй нэг удаад 220 метр замыг туулахад 10000 төгрөг, картинг машин хоёр тойрог 10000 төгрөг, хийлдэг зөөлөн чарга нэг цаг нь том, жижгээс шалтгаалан 4000-5000 төгрөг ажээ. Нээлтийн өдрөөр үйлчлүүлж буй иргэдэдээ зориулан халуун цай, аарц, чацаргана үнэ төлбөргүй өгч, хүүхэд, багачуудыг дулаацуулах гэр ажиллуулж байна.




Цаашид орчны тохижилтод илүү анхаарч ажиллана гэв. "Тэрбум мод", "Ногоон Дархан" хөтөлбөрийн хүрээнд тухайн орчинд мод тарьсан тохиолдолд услалт, арчлалт хамгаалалтыг хариуцан ажиллах боломжтой гэж тус төвийг үүсгэн байгуулагч Д.Ганбаатар онцоллоо.

.


Ирэх жил хүүхэд, багачууд, байгууллага хамт олонд зориулсан төрлүүд нэмэгдэх ажээ. 


https://montsame.mn/mn/read/310327