|

ХЭҮК-оос гурван аймгийн Засаг дарга, зарим албан тушаалтнуудад шаардлага хүргүүллээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 7.1.11, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 29 дүгээр зүйлийн 29.6.4 дэх заалтыг тус тус үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг 2022 оны аравдугаар сард дараах хяналт шалгалтыг хийжээ. Тодруулбал:
-Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч, эмнэлгийн ажилчдын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд;
-Булган, Дархан-Уул аймгийн Хүүхдийн эрхийн Хууль зүйн Хорооноос гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж, мөрдөн шалгагдаж байгаа, гэмт хэргийн гэрч, хохирогч болсон, ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчил үйлдэж шийтгэгдсэн хүүхдэд үзүүлж буй үйлчилгээ, хорооны үйл ажиллагаанд;
-Булган, Дархан-Уул, Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургууль болон Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн дотуур байр, Дархан-Уул аймгийн “Нарны хүүхдүүд”, “СОС” хүүхдийн асрамжийн газруудад амьдарч буй хүүхдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд, төрийн байгууллагуудын барилга байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд тэгш хамруулах боломж нөхцөл, хүртээмжийг бүрдүүлсэн эсэх, төрийн байгууллагууд “Ахмадын сан байгуулан ажиллуулах журам”-ын хэрэгжилтийг хангаж буй байдалд тус тус хяналт шалгалтыг явуулсан байна.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах хүрээнд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг Булган, Дархан-Уул, Орхон аймгийн Засаг дарга болон Орхон Бүсийн оношилгооны эмчилгээний төвийн захирал, зарим Ерөнхий боловсролын сургуулиудын захирал нарт хүргүүлээд байна.
Зөвлөмж, шаардлагыг хүлээн авсан байгууллага 30 хоногийн дотор холбогдох арга хэмжээг авч хариуг хүргүүлэх хуулийн зохицуулалттай.