|

ДАРХАН-УУЛ: Соёлын төвийн дотоод их засварт 193 сая төгрөг зарцуулжээ



Шарын гол сумын Соёлын төвийн барилга 1965 онд ашиглалтад оржээ. 11 өрөө, хоёр танхимтай уг барилга Уурхайчдын клуб нэртэй анх байгуулагдсанаас хойш өдийг хүртэл их засвар хийгдээгүй бөгөөд урсгал засвар хийж иржээ. Харин өнгөрсөн оны төгсгөлд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 193.000.000 төгрөгийн санхүүжилтээр бүрэн засвар хийж, үйл ажиллагаа явуулахад нэн таатай болжээ.

Уг засварын ажлыг хийх санаачилгыг аймгийн Засаг дарга Б.Азжаргал өнгөрсөн оны гуравдугаар сард тус суманд ажиллахдаа гаргаж, соёлын үйлчилгээ үзүүлж буй салбарынхан тохилог тухтай орчинд ажиллаж, иргэдэд тав тухыг мэдрүүлэх ёстой гэдэг үүднээс бүрэн засварт оруулна гэж мэдэгджээ.

Нийт 11 өрөө, 250 хүний суудалтай их болон бага хоёр танхимын дотор засал, урлаг заалны тайз засал чимэглэл, цахилгааны асуудал зэргийг бүрэн шийдвэрлэсэн аж. Соёлын төвийн ажилтнууд, сумын иргэд барилгын их засварт, ая тухтай орчинд ажиллах, үзвэр үзэх болсондоо сэтгэл хангалуун байгаа аж. Өмнө нь зарим өрөө тасалгаа нь цахилгааны гэмтэлтэй, дугуйлан секц хичээллүүлэхэд хүйтэн, тав тухгүй байсан бол одоо Соёлын төвийн үндсэн 8 ажилтан сумын 8200 иргэнд соёл, урлагийн үзвэр, үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ сурагчдад зориулсан дугуйлан, насанд хүрэгчдэд зориулсан бүжиг, гоо зүйн сургалтууд явуулж, барилгын ашигтай талбайг бүрэн ашиглан ажиллаж байна.

Ташрамд дурдахад, өнгөрсөн оны долоодугаар сард Шарын гол сумын түүхт 60 жилийн ой тохиосон. Ойн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутаг судлах танхим, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гадна фасадны засвар, дээврийн засварыг хийж дуусгажээ.