|

Гэм буруугүй л юм бол дуугүй шалгуулчихаач гишүүдээ

М.Даваадулам

Манай улсад сүүлийн үед хамгийн их яригдаж байгаа сэдэв бол хулгай, авлига,  албан тушаалаа урвуулан ашигласан гэх. Бүүр бүх хүн мэдсэн, улаан цайм уусан идсэн, улсын хуулийг уландаа гишгэснийг нь улс даяараа мэдэж байгаа ч тэднийгээ хамсаатнууд нь хамгаалж буй асуудал хаа сайгүй. Эсрэгээрээ   улны хэдээ шүүрдэж шударга ёсыг тогтооно гэдэг нь инээдэм бөгөөд эмгэнэл. 

Тиймээс  шүүрдэх гэж байгаа бол  том, жижиг,  танил тал харалгүй бүгдийг хуу хаман шүүрдэх хэрэгтэй. Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь зоригтой шийдвэр гарган индэр дээрээс "Шүүр”-дэнэ гэдгээ тунхаглаад байгаа энэ үед хууль, хүчнийхэн болон хууль тогтоогчид нь хэрхэн хандах гэдэг нь ихээхэн сонирхол татаж байна. Нүүрсний хулгай гэх алдарт хэрэгт УИХ-ын гурван гишүүнийг нь бүхэн эрхээсээ татгалзаад шалгуулаач гэсэн хүсэл хүн бүрт байгаа ч тэд УИХ-ын гишүүн гэх эрх дархтайгаа зууралдан шалгуулахаас айж,  хулчийна. Зарим нь бүр "Би унавал та нар мөн чирэгдэнэ” гэсэн утгатай зүйлийг хэлж бусад хань хамсаатнуудаа айлгаж байна гэсэн мэдээлэл  сошиалаар хөвж байна.

Хууль нь яллагдагчаар татсан үндэслэлээ тайлбарлаад, хэлсээр байсан ч нөгөө гурав  өөрсдийгөө ямар ч буруугүй, холбоогүй гээд гүрийсээр. Хэрвээ буруугүй гэдгээ мэдэж байвал дуугүй шалгуулахад болмоор. Хийж буй үйлдлээс нь харахад яав ч зүгээргүй мэт.

Хулгайд холбогдоод буй  Ажнай” Д.Бат-Эрдэнэ нь  мөнгө угаасан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан нь  үндэслэлгүйгээр хөрөнгөжих, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр, харин Н.Наранбаатар нь  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр тус тус яллагдагчаар татагдсан байгаа.Тиймээс тэдний гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэхийг хэлэлцэн уг саналыг нь хүлээж авсан нь иргэдийн сэтгэлд нийцсэн шийдвэр боллоо.

Буруугүй л юм бол ингэж бусдын ажилд дараа удалгүй өөрсдөө шалгуулаад гараад ирвэл жинхэнэ энэ цагийн баатар болох бус уу. Иргэд бидний хувьд хууль тогтоогчид нүүрсний хулгайчдаа хамгаалж үлдэх, шалгуулахаар явуулах  эсэхийг  харцгааж байлаа. Харин тэд яллагдагчаар татагдсан гишүүдээ  шалгуулахаар  явууллаа. Гэм буруугүй бол халдашгүй эрхээсээ татгалзаад шалгуулчих нь хамгийн зөв  зам л даа.  

Эх сурвалж: Монголын мэдээ сонин