|

Парламентын түүхэнд хоёр дахь удаагаа л гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүллээ

 

Парламентын түүхэнд хоёр дахь удаагаа л гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүллээ

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах Улсын Ерөнхий прокурорын саналыг УИХ өчигдөр хүлээж авлаа.

Ингэснээр дээрх хоёр гишүүний бүрэн эрх, халдашгүй дархан байдал түдгэлзсэн гэсэн үг. 1992 оноос хойш УИХ хоёр дахь удаагаа Улсын ерөнхий прокурорын саналыг хүлээн авч гишүүдийнхээ бүрэн эрхийг чөлөөлж байгаа нь энэ юм.

Тодруулбал, 1996-2000 оны УИХ-ын үед "казиногийн хэрэг”-ээр, казиногийн тендерийг будилуулж, авлига авсан гэж Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Батчулуун нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байв. Хуулийн байгууллага шалгаад, шүүх тэднийг авлигын хэргээр ялласан юм. Үүнээс хойш Улсын ерөнхий прокурор олон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлт оруулсан ч УИХ саналыг хүлээж авалгүй гишүүдээ авч үлдэж байв.

Харин энэ парламент МАН-ын нэг, АН-ын нэг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. Монгол Улсын парламентын түүхэнд "нүүрсний хэрэг”-ээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн гишүүд гэж үлдэх боллоо. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаад гэм буруугүй нь тогтоогдвол Улсын ерөнхий прокурор хуулийн байгууллагын шийдвэрийг чуулганы индэр дээрээс уншсанаар гишүүний бүрэн эрх сэргэнэ гэж хуульд заажээ. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 9.7-д Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг нэгдсэн хуралдаанд Улсын ерөнхий прокурор уншиж танилцуулснаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг сэргээх тухай тогтоол баталсанд тооцно гэж заасан байдаг. Тиймээс шүүхийн эцсийн шийдвэрт гартал дээрх хоёр гишүүний Төрийн ордон дахь өрөө хэвээр байх бөгөөд харин бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй, ажлын алба нь ажиллахгүй. Мөн нөхөн сонгууль явуулахгүй байх хуулийн зохицуулалттай.

Улсын ерөнхий прокуророос УИХ-д гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлт гаргаж байсан тохиолдлууд:

1. 1996-2000 оны УИХ-ын үед "казиногийн хэрэг”-ээр, казиногийн тендерийг будилуулсан гэх хэргээр Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Батчулуун нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байжээ.

2. 2004-2008 оны УИХ-ын үед мөн казиногийн буюу төрийн мөнгөөр казино тоглосон гэх хэрэгт У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай нарыг шалгахаар хуулийн байгууллагаас хоёр удаа санал ирсэн ч, УИХ хоёр удаа татгалзсан хариу өгсөн.

3. 2008-2012 оны УИХ-д прокуророос тухайн үед Л.Гүндалайг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа тендерийн шалгаруулалтад албан тушаалаа ашигласан, Д.Дондог гишүүнийг бусдыг залилсан гэх хэрэгт бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгахаар хуулийн байгууллагаас санал ирүүлжээ. Гэвч тухайн үед аль алийг нь УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхгүйгээр Л.Гүндалайн асуудлыг Тусгай хяналтын дэд хороо, Д.Дондог гишүүнд холбогдох саналыг Хуульзүйн байнгын хорооны төвшинд татгалзсан санал өгч байжээ.

4. 2016-2020 оны УИХ-ын үед Д.Гантулга, Д.Мурат нарыг хүчирхийлэл үйлдсэн байж магадгүй хэрэгт шалгахаар прокуророос санал ирүүлсэн ч УИХ мөн л татгалзсан хариу өгсөн. Харин дараа нь тэд өөрийнхөө хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзсэн бөгөөд Д.Гантулгыг гэм буруутайд тооцож, шүүхээс ял өгч байсан билээ.

 

https://itoim.mn/a/2023/03/31/politic/emj