|

Хүн төрөлхтний хэрэгцээг хангахад дахиад нэг дэлхий хэрэгтэй гэнэ...

Хүн төрөлхтөн асар хурдацтай өсөн нэмэгдэж, амьдрах орчин нь улам хумигдаж байна. Энэ нь их гүрнүүдийн зэрэгцээ бага буурай хөгжилтэй улс орнуудын санаа зовоосон асуудал болон хувирав. Бидний эрүүл аюулгүй амьдрах орчин, амьтан, ургамал, ус, цэвэр агаар биологийн олон янз байдал зэрэг дэлхийн нөөц баялаг улам хомстсоор байгаа учир 8 тэрбум хүний хэрэгцээг бүрэн хангахад дахиад нэг дэлхий хэрэгтэй болж байгааг орчин цагт ярилцах болжээ.

Улс орны хүрээнээс хальж, тив, дэлхийн хэмжээний тулгамдсан асуудал болон хувираад байгаа байгаль хамгаалах асуудлыг монголчууд бид хэрхэн зохицуулж шийдвэрлэх вэ? Энэ талаар цаашид хэрхэх вэ гэдэг дээр ончтой гарц олж, шийдвэр төгс ажиллах нь хий хоосон улс төржиж суухаас хавьгүй үр дүнтэй гэдгийг санаж, нэгийг бодож, хоёрыг хийх цаг болоод байна.

Уул уурхайн замбараагүй олборлолт, зах зээлийн шуурга хамаг амьтан ургамал, улс орны баялагыг "цөлмөж орхих вий!” гэсэн халаглал нийгэмд хавтгайрчээ. Нүд баясгаж, сэтгэл догдлуулдаг аргаль хонь л гэхэд манай улсад бумаар тоологдож байгаад 1980-аад онтой золгоход 45000 болж, улмаар эдүгээ 15-хан мянга болон цөөрсөн гэдэг.

Саяхан Увсын цэнхэр хязгаарт явтал нутгийн иргэд: "манай Убс аймагт гулзны тоо тулгай өссөн шүү!” гэсэн чихэнд чимэгтэй үгс дуулгав. Нутгийн хөдөлмөрч зон олон аргаль угалзаа гулз хэмээн хайрлах аж. Тэдний ярих нь: "Манай Гулзат 2000 оны үед 200-аад аргаль хоньтой байв, өссөөр 2014 онд 1500 гарсан. Одоо1900 болоод байна. Үүнд НҮБ-ийн төслийнхөн их тусалсан” гэлээ. Учрыг лавшруулан сонирхтол үнэхээр тийм байлаа. Нутгийн олны гулзаа өсгөх гэсэн сэтгэлийн урмыг бадрааж, НҮБ-ийн  "Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төслийн хамт олноос сайн чанарын дуран, GPS төхөөрөмж, унаа мотоциклээс эхлээд байгаль хамгаалагчдад иж бүрэн хэрэгсэлээр хангахын хамт, Увс аймгийн удирдлага, "Гулзатын санаачлага”  ТББ, байгаль хамгаалах Нөхөрлөлийн ахлагч, ажилтнуудад олон удаагийн сургалт, ажил хэргийн уулзалт зохион байгуулах зэргээр дэмжин тусалж, "Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг үг биелэлээ олжээ.  

Орон нутгийнхан төслийг хэрэгжүүлэх ажлыг сайн удирдан зохион байгуулж байдагт баярлаж явдагаа илэрхийлэхийн хамт аргаль угалз 900-гаас 1800-1900 хүртэл өсч, тогтвортой үржиж байгаа. Одоо аргаль хонь үржиж, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг томсгох шаардлага үүсч байгааг бахархан ярилцахыг сонсоход үнэхээр сайхан, мэлтийн толидох Увс нуурынхаа эрэг, хөвөөг сайтар цэвэрлэж, байгаль орчноо хайрлан хамгаалж байгааг нь нүдээр үзэхэд сэтгэл өег байлаа.

Хөдөө нутгийнханы талархалыг хүлээсэн НҮБ-ын төсөл гэдэг нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Дэлхийн байгаль хамгаалах сангаас хамтран хэрэгжүүлж байгаа "Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төсөл юмсанж. Тэд  Увс аймгийн Бөхмөрөн, Сагил (Гулзат)-ын  Орон Нутгийн Тусгай Хамгаалалттай Газраас гадна эх орны минь зүүн хязгаар Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан-Овоо болон Хэнтий аймгийн Норовлин, Батширээт сумдын нутаг дахь орон нутгийн иргэдийн хамгаалалттай газар нутагт төсөл хэрэгжүүлж байна.

Жил бүрийн хавар Дорнод, Хэнтийн өргөн уудам, өндөр өвс ургамалыг хуйхлах хээрийн түймрийн аюул шуурдагийг Монгол түмэн мэднэ. Улайсан  дүрэлзэх түймрийн галыг улаан гараараа дарах биш, багаж хэрэгслээр дутагдах иргэдэд мөнөөх төслийнхөн тусламжийн гар сунгаж, Норовлин Батширээт Цагаан-Овоо Баян-Уул сумдын 21 нөхөрлөлд ус шүршин түймэр унтраадаг рело, үлээгч аппаратаас эхлээд троссон шүүр, савар, цохиур, галын урт ханцуйтай бээлий зэрэг давийн өмнө хэрэгтэй багаж хэрэгсэл илгээжээ.

Энэ мэтээр хөдөө нутгийнханд дэм тус болж, байгаль хамгааллын сайхан жишээ, баримт болж байгаа хичээл зүтгэл, санал, санаачлага, ажил үйлийг түмэн олонд сонордуулахын учир нь эргээд л, Монгол түмэн, эх орныхоо тусын тулд билээ.  

Байгаль орчин хэцүүдлээ гэж дэмий ярилцаж суухын оронд хэн нэгэнд ухаарал, сэхээрэл өгөх санал, онолоо харамгүй хайрлаж, сайн сайхан ажил үйлсийг сайшаан дэмжиж, тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалахад түлхүү ажил хийцгээе.

Монгол Улсын төрөөс Тусгай Хамгаалалтай Газар Нутгийг бэхжүүлэх ажлыг байгаль хамгаалах төрийн бодлогын цөм болгон, тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын менежментийг сайжруулах чиглэлээр анхаарч ажилласны үр дүнд олон улсад жишиг болохуйц ТХГН-ийн томоохон сүлжээг бий болгож чадсан гэж үзэх үндэстэй.

Газар нутгаа тусгай хамгаалалтанд авах арга замаар байгалиа хамгаалах нэгдсэн арга хэмжээ авсны үр дүнд 2014 онд улсын  хэмжээнд нийт 19 аймаг, нийслэлийн 166 сумын нутаг дэвсгэрийн 17.8%-ийг эзэлсэн 27.2 сая гаруй га талбай бүхий 99 газрыг улсын тусгай хамгаалалтад оруулжээ. 2016 онд Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад оруулснаар 100 газар энэ хүрээнд хамраад байна.

Цаашид байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 60-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч уул, уурхайн хайгуул, олборлолт явуулахыг цаазлан хориглох ёстой. Ногоон хөгжлийн бодлого хэмээх тунхаглалын чанартай байгаа Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын тогтвортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлэн, 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь, 2030 онд 30-аас доошгүй хувьд хүргэнэ гэсэн бодлогыг ажил хэрэг болгох талаар нутгийн иргэд идэвхи санаачилга гаргаж, өөр өөрсдийн аймаг, сумын тусгай хамгаалалтад оруулах газар нутгийг тодорхойлон, аймгийнхаа ИТХ-д асуудал дэвшүүлэх хуулийн боломж байгааг анхаарч ажиллах хэрэгтэй юм. Чингэх нь, эх орныхоо  байгаль, төрөлх нутаг орноо хамгаалахад зохих дэм болох боловуу.  

Эх сурвалж: www.polit.mn