|

Дарханчууд Засаг дарга Б.Азжаргалыг “ГАЗРЫН НАЙМААЧИН” гэв


Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын тухай таагүй мэдээллийг дарханчууд бидэнд ахиад ирүүллээ. Манай сонин лхагва гаригийн дугаартаа түүний Дархан сумын 31 дүгээр хороололд нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй хаус бариулж, 216 сая төгрөгөөр тавилга авсан талаар дурдаж байсан бол өнөөдөр түүнийг “Газрын наймаачин” гэх мэдээллийг өгсөн төдийгүй ил далд байгаа газруудыг шалгаж өгөхийг хүссэнээ манай сониноор уламжилсан юм.
Учир нь аймгийн Засаг дарга Б.Азжаргалын баруун гар гэгдэх Газрын албаны дарга Д.Батчулууныг хуулийн байгууллагаас өнгөрөгч сард цагдан хорьсон байна. Үүнд зөвхөн Газрын албаны дарга бус Засаг дарга ч холбоотой гэдгийг өгүүлсэн.
Эх сурвалжийн хэлж байгаагаар бол Газрын албаны дарга Д.Батчулуун 3,400 м2 долоон газар эзэмшдэг байна. Дэлгэрүүлбэл, 40 га-1, 10 м2-1, 20 м2-1, 2700 м2-1, 39 м2-1, 500м2-2, 84м2-1 гээд нийт 3400 м2 гаруй эзэмших зориулалтын долоон ширхэг газартай хэмээн 2021 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт дурджээ. Б.Азжаргалын хувьд Засаг дарга болсон даруйд газар эзэмшлийн хэмжээ нь огцом өссөн гэх мэдээлэл бий. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад Дархан сумын Засаг дарга байхдаа 2017 онд 75 саяын үнэ бүхий эзэмших, 1344м2-1, эзэмших, 500 м2-1 хоёр газартай байсан бол 2018 онд Эзэмших-12000 м2-1, Эзэмших-1344 м2-1, Эзэмших-22000 м2-1, Эзэмших-500 м2-1 гэсэн олон газартай болсон ч үнэлгээ нь 65 сая болон буурсан бол 2019 онд дээрх онтой адилхан Эзэмших-12000 м2-1, Эзэмших-1344 м2-1, Эзэмших-22000 м2-1, Эзэмших-500 м2-1 газрууд нь хэвээрээ ч үнэлгээгээ 75 сая хэмээн мэдүүлсэн байна.
Харин аймгийн Засаг дарга болоод 2020 онд 87 сая төгрөгийн үнэ бүхий Эзэмших-12000 м2-1, Эзэмших-1344 м2-1, Эзэмших-22000 м2-1, Эзэмших-500 м2-2 газруудаа дахин мэдүүлж, үнэлгээгээ өсгөсөн бол 2021 онд ч 95.5 Эзэмших-1344 м2-1, Эзэмших-22000 м2-1, Эзэмших-500 м2-2, Эзэмших-799 м2-1 газруудтай хэмээн мэдүүлсэн байна. Нэг хүнд ийм олон газрын хэрэг байхгүй.
Тэгэхээр яах аргагүй газрын наймаачин гэдгийг нотлох мэт. Магадгүй түүнийг Газрын албаны даргынх нь араас шалгаж таарна. Өдгөө 461 дүгээр ангид хоригдож байгаа Д.Батчулуун хамтрагчаа хаацайлж, хэргийг ганцаар үүрэхгүй гэдгийг ч хэлсэн. Бид дараагийн дугаартаа түүний Зулзагын голын хөвөөнөө байх зуслангийн байшин, газар, мөн “Ланд-300” маркийн автомашин хэрхэн ямар замаар худалдан авсан гэх зэрэг сонирхолтой баримтуудыг хүргэх болно. Ийм л нэг аймгаасаа баян Засаг дарга Бурхантын хөндийд дураараа дургиж байхад хууль хяналтын байгууллага анзаарч харахгүй байна гэж үгүй. Мөн түүнийг томилсон, өргөж дэмжсэн Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд анхааралдаа авна гэж найдаж байгаагаа дуулгасан юм.
С.ДАНЗАН
Үргэлжлэл бий.
 
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН