|

БЗС-ийн дарга Д.Гардийг АТГ-аас шалгаж эхэлжээ

БЗС-ийн дарга Д.Гардийг АТГ-аас шалгаж эхэлжээ

 

Боловсролын зээлийн сангийн хөрөнгө, санхүүжилт, зээл олголтыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус сангийн зарим албан тушаалтнуудыг ч хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Тодруулбал, Боловсролын зээлийн сангийн дарга Д.Гардийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байна. 

Боловсролын зээлийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан О.Сийлэгмаа хэлэхдээ "Тэргүүлэх бус мэргэжлээр сурсан шаардлага хангаагүй улстөрчдийн хүүхдүүдийг Д.Гарди шахдаг байсан. Тэр илтэд хууль зөрчиж ажилладаг байсан" гэж хэлсэн. Д.Гардийн хувьд ОХУ-ын ГХЯ-Дипломат Академид Олон улсын харилцааны чиглэлээр 2014-2016 онд суралцахдаа 32 мянган ам.доллар буюу 110 сая төгрөгийн зээл авч суралцаад Боловсрол Шинжлэх ухааны сайд асан Л.Цэдэвсүрэнгийн үед буюу 2020 оны 12 дугаар сард тэглүүлсэн байдаг. 

Тус сангаас

  • Тухайн санд томилсон албан тушаалтнуудыг хэрхэн сонгон шалгаруулсан нь тодорхойгүй, ил тод биш
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй хүмүүсийг томилж, ажиллуулдаг
  • Өөрөө өөртөө урамшуулал, нэмэгдэл олгох шийдвэр гаргадаг
  • Өөрийн сургалтын төлбөрийг чөлөөлсний дараа барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх тухай өөрийн гарын үсэгтэй бичгээ бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн
  • Гадаад суралцагчдын зээлийг хууль тогтоомжид нийцүүлж хэрэгжүүлээгүй
  • Хууль зөрчиж чөлөөлсөн зээл, түүний улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлдэггүй
  • Нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлүүлж, хугацаа нь дуусаагүй байхад чөлөөлдөг
  • Гэрээнд заасан хугацаанд ажил хийгээгүй хүмүүсийг ажлаас чөлөөлдөг
  • Гадаадад суралцах оюутнуудын зээлийг хувь дансаар нь шилжүүлдэг
  • БЗС-аас хийгдэж буй мөнгөн гүйлгээг нягталдаггүй зэрэг зөрчил илэрчээ.

Энэ зөрчлүүдтэй холбогдуулан АТГ-аас Боловсролын зээлийн сангийн захирал Д.Гардийг шалгаж эхэлсэн нь энэ аж.  Мөн АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс БЗС-аас зээл олгохдоо давуу байдал бий болгосон эсэх, зээлийн зориулалтын дагуу зарцуулсан эсэх, зорилтот мэргэжилтэн бэлтгэхэд олгосон эсэхийг шалгаж байна.