|

ӨМӨЗО-ны нутгаас үлэг гүрвэлийн чулуужсан мөр олджээ

 

ӨМӨЗО-ны нутгаас 120 сая орчим жилийн өмнөх үеийн үлэг гүрвэлүүдийн 53 чулуужсан мөр олджээ. 

Хамгийн том нь 43 см урттай мөрнүүдийг Ордос хотын Отог хошууны үлэг гүрвэлийн олдворын үндэсний байгалийн нөөц газраас илрүүлсэн байна. Судлаач Жан Лифүгийн хэлснээр, энэхүү газарт Цэрдийн галавын үед буюу үлэг гүрвэлүүд амьдарч байх үед намгархаг газар, гоёмсог ургамлуудтай нуурууд байжээ. Шинээр олдсон мөрнүүд нь махчин үлэг гүрвэлүүдийнх аж.

Эндээс үлэг гүрвэлүүдийн 10 гаруй төрлийн 10 мянга орчим ул мөр олдсоноос гадна сээр нуруутан амьтад, загас, яст мэлхий, матар, сээр нуруугүйтэн амьтдын чулуужсан үлдэгдэл ч мөн олдож байжээ. 

Мэргэжилтнүүд чулуужсан олдворуудыг хамгаалах ажлыг эхлүүлсэн гэж Ордосын баруун хэсэгт орших байгалийн нөөц газрын удирдах албаны ажилтан Дан Жанпин мэдээлжээ.